Инээмсэглэл

Бяцхан хүү гунигтай алхаж яваа нэгэн хүнрүү харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.

Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элгэсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. Өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж, байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
Энэ бүхэн ганцхан инээмсэглэлийн ач тус байсан юм.

Сэтгэлийн тэнхээг тэл

Нэгэн тогоочийн туслах үргэлж бүх зүйлд сэтгэл дундуур байдаг байжээ. Бүхнийг голно, амьдрал хэцүү байна гэж гоншигноно. Түүний энэ байдлыг харсан тогооч нэг өдөр давс авчир гэж явуулжээ. Ирэхээр нь нэг аяга усанд атга давс хийгээд уу гэж хэлжээ. Туслах нь түүний хэлсэнээр хийсэн боловч шууд л балгасан усаа буцаагаад гаргачихжээ.

За ямар амттай байна гэсэн настай тогоочийн өөдөөс ихэд ууртайгаар “гашуун байна” гэжээ. Тогооч инээмсэглэн туслахаа нэг атга давсаа голын усанд хийгээд уу гэсэн үүрэг өгөв. Туслах нь ч хэлснээр нь хийв. Ямар амттай байна гэхэд тэрээр “сайхан” гэлээ. Давсны амтыг мэдрэв үү гэтэл “үгүй ээ, давс огт амтагдсангүй” гэлээ. Настай тогооч хэлэв:

Зовлон яг л давс шиг гашуун байдаг юм. Бага ч биш их ч биш. Хамгийн чухал нь зовлонг юун дотор хийхээс бүх зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл, чи өөрөө зовлонг яаж хүлээж авах нь чухал. Сэтгэлийнхээ тэнхээг тэлэх хэрэгтэй. Тийм учраас чи ч гэсэн үүнээс хойш аяга шиг биш нуур шиг байхыг хичээ.