Эдгээр дөрвөн салбар дөрвүүлээ хөгжиж байж өнөөдрийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, эдийн засгийн өндөр хөгжилд хүрэх болно.
Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад төсвийн хөрөнгө оруулалтыг зөв удирдах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтыг хувийн хөрөнгө оруулалттай өрсөлдүүлж болохгүй. Төсвийн хөрөнгийг үр ашигтай салбаруудад, тэр дундаа суурь дэд бүтцийн салбаруудыг дэмжих замаар ажлын байрыг ч нэмэгдүүлж, амьжиргааг нь сайжруулах боломжтой. Зам барилга зэрэг уламжлалт дэд бүтэцийг хөгжүүлэхийн зэрэгцээгээр арчилгааны асуудалд хөрөнгө оруулалтыг оруулах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтыг ийм байдлаар эдийн засагт оруулж байж үр ашгаа урт хугацаанд өгч, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих болно.
Ази тивд, ялангуяа Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азийн улсуудад бүс нутгийн хамтын ажиллагаа болон интеграци эрчимтэй явагдаж байна. Бүс нутаг хоорондын худалдааны хамгийн гол давуу тал нь дотоодын эрэлтийг нэмэгдүүлэхэд оршино. Либералчиллын дүнд худалдааны тарифын болон тарифын бус хязгаарлалтууд тухайн бүс нутагт буурч байгаа ч хил дээрх саадууд байсаар байгаа нь тухайн бүс нутгийн худалдааг хязгаарлаж байгаа талаар АХБ-ны тайланд дурьдсан байна.
Бүс нутгийн интеграци нь тухайн бүс нутгийн бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэхээс гадна санхүүгийн зах зээлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Ялангуяа, тухайн бүс нутгийн бондын зах зээл илүү интеграцид орох тусам санхүүгийн зах зээл нь илүү хөрвөх чадвартай болно. Одоо, хил орчмын зам эвсэл төмөр замыг сайжруулах зэрэг бүс нутгийн дэд бүтцийг сайжруулахад улсууд хамтан ажиллах шаардлагатай байна.
Мөн, сайн засаглал болон институци нь өсөлтөд хамгийн чухал нөлөөг үзүүлэх болно. Ялангуяа, засгийн газрын үр ашигтай ажиллагаа, авилгын хяналт нь чухал эерэг нөлөөтэй. Мөн засаглал нь хөгжиж буй улс орнуудын нөөцийн хуваарилалтад том нөлөө үзүүлэх юм. Чадавхи сайтай Засгийн газар гэдэг нь төрийн удирдлага, боловсрол болон эрүүл мэнд зэрэг нийтийн үйлчилгээг ард түмэнд үр ашигтай хүргэх, нийт пүүсүүд болон салбаруудын бүтээмжийг өсгөхөд дэмжлэг үзүүлдэг байх ёстой.


