Монгол улсын Төв банк болох Монголбанкны бүрэн эрх, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс болон төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Улсын их хурлаас Төв банкны хуулиар баталж өгсөн байдаг.
Монголбанк нь Монгол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага бөгөөд үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн тогтвортой байдлыг хангах ба энэ зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Монголбанк нь өөрийн энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд:
- Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах
- Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах замаар мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх
- Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх
- Банкны үйл ажиллагаанд хяналт тавих
- Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах
- Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, зохицуулах
Монголбанк нь жил бүр Төрөөс мөнгөний бодлогын талаар дараа онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьж батлуулж, хэрэгжилт үйл ажиллагааныхаа үр дүнг эргэн тайлагнадаг.
Монголбанк “Fitch”, “Мoody’s”, “Standart & Poors” зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч компаниудаар Монгол улсын зээлжих зэрэглэлийг тогтоолгох ажлыг хариуцан ажилладаг. Хамгийн сүүлийн байдлаар Төв банк нь одоогоор удирдлага, 6 газар, 11 хэлтэс, 11 алба, 1 тусгай тасаг, 1 төлбөр тооцооны төв, орон нутаг дахь 17 салбар, Лондон дахь төлөөлөгчийн газар гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Статистик мэдээллийн талаар
Монголбанк нь мөнгө, санхүүгийн өргөн хүрээтэй статистикийг боловсруулж нэгтгэн нийтлэдэг. Статистик дэд цэснээс валютын ханш, алтны үнэ, төв банкны үнэт цаасны хүү, инфляци зэрэг эдийн засгийн чухал тоо үзүүлэлтийг харж болохоос гадна мөнгө, санхүүгийн сарын бюллетень, зээлийн тайлан, банкуудын тайлан тэнцэл, төлбөрийн баланстай танилцах боломжтой.
Сарын мэдээ: Монголбанк мөнгөний статистикийн үзүүлэлтийг сарын давтамжтай олон нийтэд мэдээлдэг. Сарын мэдээнээс Төв банк болон арилжааны банкуудын нэгдсэн тайлан тэнцэл, мөнгөний тойм, мөнгөний бусад үзүүлэлтийг харах боломжтой юм. Мөн сарын мэдээнд зарим макро эдийн засгийн үзүүлэлтүүд, тухайлбал, хэрэглээний үнийн индекс, хадгаламж, зээлийн хүү, худалдааны тэнцэл, төсвийн гүйцэтгэл, үнэт цаасны зах зээлийн мэдээ агуулагддаг.
Төлбөрийн тэнцэл: "Төлбөрийн тэнцэл" гэж тодорхой хугацаанд эдийн засгийн харъяаллын оршин суугч болон эдийн засгийн харъяаллын бус оршин суугчийн хооронд хийсэн худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг, санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлнэ.
Зээлийн тайлан: Монголбанк нь арилжааны банкуудын зээлжүүлэлтийг улирал бүр нэгтгэдэг. Зээлийн тайлангаас тухайн улиралд олгосон ба төлөгдсөн, эхний ба эцсийн үлдэгдлийг нэгдсэн байдлаар харах боломжтойгоос гадна зээлийг хугацаа, олгосон салбар, зориулалт зэрэг ангилалаар үзэж болно.
Банкуудын нэгдсэн тайлан: Тэнцэл буюу санхүүгийн байдлын тухай тайлан гэдэг нь цаг хугацааны тодорхой агшинд тухайн байгууллагын санхүүгийн байдлыг илэрхийлсэнийг хэлнэ.
Мөнгөний бодлого
Монголбанкны үндсэн зорилго нь үндэсний мөнгөн тэмдэг – төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Түүнчлэн инфляцийг тогтвортой түвшинд барих явдал юм. Өөрийн зорилгын хүрээнд, мөнгөний зохистой нийлүүлэлтийг мөнгөний бодлого хэрэгжүүлэх гол хэрэгсэл болгодог. Түүнчлэн Төв банкны үнэт цаас, заавал байлгах нөөц зэрэг зарим мөнгөний бодлогын хэрэгслүүдийг ашигладаг.
Инфляцийн тайлан: Монголбанкны үндсэн зорилгын нэг нь инфляцийг тогтвортой түвшинд барих явдал. Инфляцийн тогтвортой түвшинд тогтвортой үнэ, бага инфляци, валютын найдвартай ханшийг ойлгоно. Тогтвортой үнэ нь Монголбанкны инфляцийн зорилтоор тодорхойлогдох бөгөөд бэлэн мөнгөний оновчтой нийлүүлэлт, заавал байлгах нөөц ба төвбанкны үнэт цаасны хүү зэрэг мөнгөний бодлогийн хэрэгсэлээр хэрэгждэг. Эндээс та инфляцитай холбоотой зарим судалгааны ажилуудтай танилцах боломжтой.
Нийтлэл: Төрийн мөнгөний бодлогыг сурталчилах, банк, санхүүгийн хөгжил, түвшинг тодорхойлох, өөрийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор Монголбанк нь сар, улирал, жилийн давтамжтай олон төрлийн хэвлэл, товхимол, эмхэтгэл нийтлэн гаргадаг. Тус нийтлэл, хэвлэлүүдийн цахим хуудаснаас татан авч, танилцах боломжтой.
Жилийн тайлан: Монголбанк нь хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, үйл ажиллагааны үр дүнгээ жил бүр нэгтгэж тайлагнадаг. Тус Жилийн тайланг цахим хуудаснаас электрон хувилбараар татан авч танилцах боломжтой.
Судалгааны ажлууд: Монголбанк нь хагас жил бүр өөрсдийн хийсэн судалгаа, шинжилгээний ажлуудын нэгтгэж, хэвлэн гаргадаг.
Улирлын тойм: Улирлын тоймоос санхүүгийн сектор болон Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгжилтийг үзэж болно. Түүнээс гадна тухайн улирал дахь эдийн засгийн өргөн хүрээний мэдээлэл, судлагаа, шинжилгээний ажлыг авах боломжтой.
Холбогдох хууль, журмууд
Төв банктай холбогдох хэд хэдэн хууль, журмууд байна. Хуулиуд:
- Төв банк /Монголбанк/ –ны тухай хууль: Монгол Улсын Төв банк /Монголбанк/-ны бүрэн эрх, түүний удирдлага,зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн мөнгөний бодлогыг Төв Банк /Монголбанк/-наас хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой тус хууль нь монгол улсын мөнгөн тэмдэгт, Монголбанкны үйл ажиллагаа, Монголбанкнаас банкинд тавих хяналт, Монголбанкны удирдлага, Монголбанкнаас бусадтай харилцах, Монголбанкны өөрийн хөрөнгө, орлогын хуваарилалт, Монголбанкны бүртгэл, санхүүгийн тайлан, болон бусад заалтын талаар хуульчилж өгсөн байна.
- Банкны тухай хууль: Тус хууль банкны үйл ажиллагаа, банк байгуулах, банкны удирдлага, зохион байгуулалт, банкинд хүлээлгэх албадлагын арга хэмжээ, банкинд онцгой дэглэм тогтоох банкны эрх хүлээн авах болон хариуцлага талаар хуульчилж өгсөн байна.
- Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль: Тус хууль нь мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагаа болон бусад зүйлсийн талаар хуульчилж өгсөн байна.
- Компаний тухай хууль: Тус хуул нь компани, түүний эрх зүйн байдал, компани багуулах, компанийг өөрлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцаа, бусад үнэт цаас, ногдол ашиг, компанийн өмчийг шилжүүлэх, компани өөрийн үнэт цаасыг худалдан авах болон эргүүлэн авах, хувьцааны хяналтын багцыг худалдан авах, компанийн удирдлага, компанийн эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага, их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцэл, компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт тавих болон бусад зүйлсийн талаар хуульчилж өгсөн байна.
- Эрдэнэсийн сангийн тухай хууль: Тус хууль нь эрдэнэсийн сангийн талаар төрийн бүрэн эрх, эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллага, түүний зохион байгуулалт, эрдэнэс эзэмшигчийн эрх, үүрэг, болон бусад зүйлсийн талаар хуульчилж өгсөн байна.
- Валютын тухай хууль: Тус хууль нь вальютын зохицуулалтын талаар төрийн байгууллагуудын эдлэх бүрэн эрх, вальютын гүйлгээ хийх, болон вальютын гүйлгээнд тавих хяналтын талаар хуульчилж өгсөн байна.
Мөн дээрх хуулиудаас гадна Монголбанктай холбоотой “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх”, “Банкинд дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай” зэрэг хуулиуд байна.
Монголбанкнаас гаргадаг журмуудад дараах журмууд орж байна. Үүнд:
- Банкны бүртгэл, тооцооны талаарх эрх зүйн акт,
- Мөнгөний бодлогын талаарх эрх зүйн акт,
- Хяналт шалгалтын талаарх эрх зүйн акт, зөвлөмж,
- Санхүүгийн тогтвортой байдлын талаарх журам,
No comments:
Post a Comment