Динамик стохастик ерөнхий тэнцвэрийн (ДСЕТ) загвар нь хэрэглээний ерөнхий тэнвцэрийн загварын нэг салбар ба орчин үеийн макро эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж байна. ДСЕТ–ийн арга зүй нь эдийн засгийн өсөлт, бизнесийн мөчлөг, мөнгөний болон сангийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөө гэх мэт нийт эдийн засгийн үзэгдлүүдийг микро эдийн засгийн зарчимуудаас үүсэлтэй макро эдийн засгийн загварууд дээр тулгуурлан тайлбарлахыг оролддог. Макро эдийн засагчдын ДСЕТ –ийн загварыг боловсруулах хамгийн гол шалтгаан бол тус загвар нь Лукасийн шүүмжлэлийг няцааж чадсан ба үүгээрээ уламжлалт макро эдийн засгийн прогнозийн загваруудаас ялгаатай юм.
ДСЕТ –ийн загварын бүтэц
Нэрийн учир бол, ДСЕТ –ийн загвар нь эдийн засгийг бүх цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдөнө гэж үздэг учир динамик юм. Мөн эдийн засагт технологийн өөрчлөлт, нефт болон алт зэсийн үнийн хэлбэлзэл эсвэл макро эдийн засгийн бодлогын алдаа зэрэг гэнэтийн өөрчлөлтүүдийн (шок) нөлөөллийг оруулж өгдөгөөрөө стохастик шинжтэй юм.
Уламжлалт макро эдийн засгийн урьдчилсан таамаглалын загваруудыг 1970 –аад оноос өнөөг хүртэл төв банкууд эдийн засгийн секторууд дахь үнэ болон тоо хэмжээний динамик хамаарлыг тодорхойлоход хэрэглэж ирсэн. ДСЕТ –ийн загвар нь тооцоолол болон шинжилгээний хувьд илүү хэцүү учир илүү олон секторүүдэд (хэсгүүдэд) задалж судлах эсвэл илүү цөөн хувьсагчид оруулан судалж байна. Одоо бол онолын ДСЕТ –ийн ажлууд, эсвэл зуу шахам хувьсагчтай туршилтийн ДСЕТ –ийн прогнозийн загваруудыг төв банкууд боловсруулж байна.
ДСЕТ –ийн загвар нь шийдвэр гаргалтын микро эдийн засгийн зарчимууд дээр үндэслэдэг учир ДСЕТ –ийн загваруудыг хэсэг хэсэг болгон нарийвчилан авч үзэх нь тэдний логик уялдааг ойлгоход тусалдаг. ДСЕТ –ийн загварт дараах эдийн засгийн хүчин зүйлсийг тодорхой тайлбарлаж авч үзэх ёстой байдаг:
Таашаал: Эдийн засгийн агентуудын зорилго нь тодорхой байх. Жишээлбэл, өрхийн зорилго бол хэрэглээ болон хөдөлмөрлөхөөсөө авах ханамжаа хамгийн их байлгах бол пүүсүүдийн зорилго нь ашигаа хамгийн их байлгах юм.
Технологи: Эдийн засгийн агентуудын бүтээмж тодорхой байх. Жишээлбэл, пүүсүүдийн хувьд үйлдвэрлэлийн функцаа тодорхойлох буюу тодорхой хөдөлмөр болон капиталыг ашиглаад үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлох хэрэгтэй. Агентуудын шийдвэр гаргалтанд технологийн суурилуулалтын зардал, ажил эрхлэлтийн түвшин эсвэл үнийн түвшиний нөлөөг оруулж болох талтай.
Институцийн тогтолцоо: Эдийн засгийн агентуудын үйл ажиллагааг тодорхой хэмжээнд зохицуулж байдаг интитуцийн тогтолцоо нь тодорхойлогдсон байх ёстой. Олон ДСЕТ –ийн загваруудад институцийг энгийн байдлаар буюу агентууд сонголтоо төсвийнхөө хүрээнд хийнэ, үнэ зах зээлийн хуулиар зохицуулагдана гэх мэтээр таамаглаж авсан байдаг. Мөн институц гэдэг магадгүй мөнгөний болон сангийн бодлого эсвэл улс төрийн үйл ажиллагаанаас хамааран төсвийн хязгаарлалт хэрхэн өөрчлөгдөх вэ зэргийн тодорхойлох ёстой.
ДСЕТ –ийн загварын давуу болон сул талууд
Эдийн засгийн агентуудын таашаал (агентууд юу хүсч байгааг), технологи (агентууд юуг үйлдвэрлэж чадах), болон институци (тэдний харилцаа яаж явагдах) зэргийг тодорхойлсоноор ДСЕТ –ийн загварыг боловсруулан (практик дээр маргаантай байдаг ч зарчмын хувьд бол болно) бодит үйлдвэрлэл, худалдаа болон хэрэглээг урьдчилан таамаглах боломжтой болно. Зарчмын хувьд бол, институцийн тогтолцооны өөрчлөлтийн нөлөөллийг ч урьдчилан тодорхойлох боломжтой юм.
Роберт Лукас тэмдэглэхдээ, уламжлалт макро эконометрик прогнозийн загварууд макро хувьсагчдын өнгөрсөн үеийн өгөгдөл болон хамаарал дээр тулгуурлан урьдчилсан таамаглал хийдэг учраас таамаглал нь төдийлөн яг таараад байдаггүй. Ямар нэгэн шинэ бодлогын арга хэмжээ явуулахад тухайн хамаарал буюу корреляци өөрчлөгддөг ба энэ нь өнгөрсөн үеийн ажиглалт дээр хийсэн урьдчилсан таамаглалыг буруу болгох үндэс болдог байна.
Нарийн боловсронгуй ДСЕТ –ийн загварын боловсруулах нь нилээд хүндрэлтэй байдаг ба одоогоор ихэнх төв банкууд богино хугацааны прогноз хийхдээ уламжлалт макро эконометрикийн загваруудыг ашиглаж байна. Гэвч, бодлогын хувилбаруудын нөлөөллийг судлахад ДСЕТ –ийн загварыг ашиглахаар судалсаар байна. Би ч гэсэн судлах гэээл байна :-).
Бодит бизнесийн мөчлөгийн онол нь неоклассик өсөлтийн загваруудыг боловсруулдаг ба эдийн засаг дахь бодит шокууд нь бизнесийн мөчлөгийн хэлбэлзэлүүдэд хэрхэн нөлөөлдөгийг судалдаг. Kydland болон Prescott (1982) ажил нь бодит бизнесийн мөчлөгийн онол болон ДСЕТ –ийн загварын анхны ажил гэгддэг. Бодит бизнесийн мөчлөгийн онолын бас нэгэн гол ажил бол Cooley (1995) юм.
Шинэ –Кэйнсийн ДСЕТ –ийн загвар бодит бизнесийн мөчлөгийн загваруудын бүтэцтэй ижил боловч нэг ялгаатай зүйл нь гэвэл монополи өрсөлдөөнд пүүсүүд үнийг тогтоодог гэж үздэг. Энэ загварыг анх танилцуулсан ажил бол Rotemberg болон Woodford (1997) юм. Анхан шатны болон гүнзгий шатны сурах бичгүүд бол Galí (2008) болон Woodford (2003) юм. Clarida et al. (1999) ажил нь мөнгөний бодлоготой холбоотой ДСЕТ –ийн загварыг боловсруулан.
Европын төв банк нь Smets-Wouters model гэсэн ДСЕТ –ийн загварын хөгжүүлж Евробүсийн эдийн засгийн шинжилгээнд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, тус загвар нь Европын улсуудын хувьд тус тусдаа шинжилгээ хийдэггүй ба зөвхөн нийт Евро бүс (Eurozone) –ийн хувьд шинжилгээ хийх боломжтой юм. Тус загвар нь Area-Wide Model (AWM) загварын нэг хувилбар юм.
Smets–Wouters загварын тэгшитгэлүүд нь гурван төрлийн шийдвэр гаргагчын сонголтуудыг тодорхойлдог: өрхүүдийн хувьд бол хэр их ажиллах, хэрэглэх болон хөрөнгө оруулах вэ; пүүсүүдийн хувьд бол, хэдэн хөдөлмөр болон капиталыг авч ажиллуулах вэ; төв банкны хувьд бол мөнгөний бодлогыг хэрхэн хянах вэ гэдэгт хариулт өгдөг. Тэгшитгэлүүд дэхь параметрүүдийг үнэлэхэд Байесийн статистикийн техникүүдийг ашигладаг ба тус загвар нь Евро бүсийн эдийн засгийн ДНБ, хэрэглээ, хөрөнгө оруулалт, үнэ, цалин, ажил эрхлэлт болон хүүний түвшинг ойролцоогоор тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, тус загвар нь шокийн зохицуулалт, хөрөнгө оруулалтын зардалын зохицуулалт болон цалин үнэ зэргийг нэгтгэн бүс нутгийн үзүүлэлтүүдийн маш нарийн тодорхойлдог юм.
5 comments:
урамтай бичлэг байна, баярлалаа, цаг заваа гарган бичлэг оруулсанд
Ихэд урамшив :D.
сайн байна уу хэсэгчилсэн тэнцвэрийн тухай илЮЮ мэдээлэл оруулж ЮгЮЮч хэрхэн сулалгаа хийх вэ
Тун хэрэгтэй бичлэг байлаа. Цаашдаа макро эдийн засгийн загваруудын талаар илүү олон нийтлэл бичнэ гэж найдаж бас хүлээж байна.
Баярлалаа! Товч бас тодорхой нийтлэл байна. ДСЕТ-ээр хийж буй судалгааны ажлынхаа талаар өөр нэг нийтлэл гаргаарай. Амжилт.
Post a Comment