Мөнгө яагаад үнэ цэнэтэй байдаг вэ?

Мөнгө нь яг мөн чанарынхаа хувьд ямар ч үнэ цэнэгүй эд. Өөрөөр хэлбэл мөнгө нь зүгээр л жижиг цаас эсвэл тайлан дээр байдаг тоо юм. Машин бол үнэ цэнэтэй, яагаад гэвэл энэ нь таныг хэрэгтэй газраа очиход тусладаг. Ус бол үнэ цэнэтэй. Яагаад гэвэл ус таны анхдагч, зайлшгүй хэрэглээ юм. Хэрвээ та усыг хангалттай уухгүй бол үхнэ гэдгээ мэддэг. Танд үндэсний баатар байсан хүнээ (Чингис хаан, Сүхбаатар жанжин гэх мэт) харах нь л таалагдахгүй бол мөнгө нь зүгээр л нэг цааснаас илүү үнэ цэнэтэй байж чадахгүй.

Мөнгө нь үргэлж ийм (цаасан) хэлбэртэй байгаагүй. Урьд нь мөнгө ерөнхийдөө алт мөнгө зэрэг үнэт металаар зоос хэлбэртэй хийгдэж байсан. Зоосыг хайлуулаад өөр зорилгоор хэрэглэж болох учраас зоосны үнэ цэнэ нь өөртөө агуулагдах металынхаа үнэ цэнэ дээр тулгуурлан тогтодог байсан. Хэдхэн арван жилийг өмнөөс л улсууд алтан стандарт, хүрэл стандарт эсвэл алт болон хүрлээс гаргаж авсан үнэт металаар баталгаажуулсан цаасан мөнгө хэрэглэж эхэлсэн. Энэ цаасан мөнгөөр засгийн газраас тогтоосон валют ханшаар алт болон хүрлийг чөлөөтэй солих боломжтой. Алтан стандарт нь 1971 оны хүртэл, өөрөөр хэлбэл, АНУ-ийн ерөнхийлөгч Никсон “ам.долларыг цаашид алтруу хөрвүүлэхгүй” гэж мэдэгдэх хүртэл байсаар байсан.

Тэгвэл яагаад таван долларын дэвсгэрт үнэ цэнэтэй байхад бусад цааснууд тийм биш байдаг юм бэ? Энэ бол маш энгийн: Мөнгө бол хязгаарлагдмал нийлүүлэлттэй бараа болох ба хүмүүс түүнийг авахыг хүсдэг учраас эрэлтт ихтэй байдаг. Үүний шалтгаан нь хүмүүс мөнгөтэй болохыг хүсдэг, тэгээд өөрийнхөө мөнгөөр бусдаас бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг худалдан авдаг гэдгийг мэддэг учраас бид мөнгөтэй болохыг хүсдэг. Тэд мөнгийг өөрсдийнхөө хүссэн бараа үйлчилгээг худалдан авахад ашигладаг. Эдийн засгийн гол асуудал бол бүтээгдэхүүн, үйлчилгээ байдаг ба мөнгө нь хүмүүст өөрсдийн хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн болгох хүслийг нь хязгаарлаж байдагаас гадна мөн хүссэн бараа үйлчилгээгээ өөрийн болгох бололцоог олгодог. Хүмүүс хөдөлмөрөө хөлсөлж мөнгө олох ба тэр мөнгөөрөө ирээдүйд бараа үйлчилгээг худалдан авдаг. Хэрвээ би ирээдүйд мөнгөний үнэ цэнэ өснө гэдэгт итгэж байгаа бол, би мөнгийг илүү их олж хуримтлуулахын тулд ажиллах болно.

Мөнгө бол бараа бүтээгдэхүүн юм. Тиймээс ч эрэлт нийлүүлэлтийн хуульд захирагдана. Ямар нэгэн бүтээгдэхүүний үнэ цэнэ өөрийн эрэлт нийлүүлэлт болон эдийн засаг дахь бусад бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдож байдаг. Ямар ч бүтээгдэхүүний үнэ тухайн бүтээгдэхүүний солилцох мөнгөн дүнг илэрхийлж байдаг ба бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг инфляци гэдэг. Өөрөөр хэлбэл, бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад мөнгөний үнэ цэнэ буурсан гэсэн үг. Энэ нь дараах тохиолдлуудад бий болно.

1. Мөнгөний нийлүүлэлтийг өсгөх.
2. Бусад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт буурах.
3. Мөнгөний эрэлт буурах.
4. Бусад бараа бүтээгдэхүүний эрэлт өсөх.

Инфляцийн хамгийн том шалтгаан бол мөнгөний нийлүүлэлтийн өсөлт юм. Инфляци мөн өөр бусад шалтгаанаас болж өсдөг. Хэрвээ байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон бол банк дампуураагүй ч бараа бүтээгдэхүүний үнэ тэр даруйд өсдөг ба бусад бараа бүтээгдэхүүнүүд ч мөнгөтэй холбоотойгоор ховордож болдог. Энэ төрлийн үнийн өсөлт ховор байдаг. Инфляцийн ихэнх хэсэг нь бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтээс илүү гарсан мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалдаг. Инфляцийн талаар дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл Ц.Батсүх (2008) “Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого” судалгааны ажлыг унших хэрэгтэй.

Тиймээс бидний асуултын хариулт бол хүмүүс ирээдүйд мөнгөөр бараа бүтээгдэхүүнийг солилцож чадна гэдэгт итгэдэг учраас мөнгө үнэ цэнэтэй байдаг байна.

2 comments:

Unknown said...

Enkhee goe bolson bna, tsaashdaa ch bas iluu olon sonirholtoi goe zuils bichij bgaarai

ambaga said...

Баярлалаа Оюунчимэгээ, уул нь сайхан бичмээр байх юм, даанч туршлага мэдлэг жаахан нимгэдээд байх юм оо :-).