Олон улсын санхүүгийн менежмент: Үндэстэн дамнасан корпорацийн бодлого


Номны нэр: Олон Улсын Санхүүгийн Менежмент: Үндэстэн Дамнасан Корпорацийн Бодлого

Зохиогч: Д.Төмбөрбат

Редактор: Ч.Тогтохцэрэн

Хуудасны тоо: 318

Цаас: Номын шар

Үнэ: 25000 төгрөг

Энэхүү номонд Үндэстэн Дамнасан Корпорацийн санхүүгийн менежментийн тухай бүхэлдээ өгүүлэх зорилт тавьсангүй. Харин дотоодын компаниудад ач холбогдолтой ханш, гадаад валютын болон олон улсын санхүүгийн зах зээл, эрсдлийн удирдлага гэх мэт асуудлуудыг багтаах зорилт тавьсан болно. Учир нь Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр олон улсын санхүүгийн менежментийн ач холбогдол өсөн нэмэгдсээр байдаг хэдий ч жижиг компаниуд болон хувь хөрөнгө оруулагчидаас олон улсын бизнест идэвхитэй оролцох нь нэмэгдсээр байна. Олон улсын санхүүгийн менежмент нь гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын хувьд ч ихээхэн ач

холбогдолтой байдаг. Учир нь өрсөлдөгч гадаадын компаниудад нь ханш, хүүгийн хэмжээ, хөдөлмөрийн зардал болон инфляцийн өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгааг тандах шаардлага гардаг. Эдийн засгийн иймэрхүү онцлог шинж нь гадаад өрсөлдөгчийнх нь үйлдвэрлэлийн зардал ба үнийн бодлогод нь нөлөөлдөг.

Энэхүү ном нь бодит асуудлыг шийдэхээс илүүтэй олон улсын санхүүгийн суур ойлголтуудыг бодлого кейсээр дамжуулан хүргэх зорилт тавьсан болно. Сэдэв бүрийг кейс, бодлогоор тайлбарлах бөгөөд хэсэг тус бүрийн төгсгөлд бас кейс, бодлого, хариуных нь хамт багтаасан болно.

Номын бүтэц

Энэхүү номын 1-р хэсэгт олон улсын санхүүгийн менежментийн мөн чанар хийгээд ач холбогдлыг авч үзэх бөгөөд ингэснээр дараа, дараагын бүлгүүдийг ойлгох үүд хаалга болж өгнө. 1-р хэсгийн кейсээр дэлхийх хамгийн шилдэг компанийг сүүлийн 4 жилийн турш тэргүүлж буй Apple корпорацитай танилцах болно. Бидний тавьж буй зорилго бол уул уурхай компаниас илүүтэй мэдлэгийн эдийн засгийг бүтээж буй ҮДК-ийн санхүүгийн менежментээс суралцах зорилго тавьлаа.

Компаниудын хувьцаа эзэмшигчдийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад зах зээлд гардаг. Гадаад зах зээлд үр ашигтай өрсөлдөхийн тулд орчиноо судалсан байх шаардлагатай. Иймээс бид 2-р хэсэгтээ олон улсын санхүүгийн менежментэд нөлөөлөх институцийн орчинг тодорхойлох зорилт тавьсан. Институцийн хэмээн нэрийдсэн нь орчин гэдгээс илүү тодорхой ойлголт агаад үйл ажиллагаа явуулахад саад болох бүхий л хүчин зүйл тухайлбал, ханшийн бодлого, төлбөрийн тэнцэл, татварын хэмжээ болон засаглал гэх мэт асуудлыг энд ойлгоно. Иймээс 2-р хэсэгтээ зорилтот гадаад зах зээлээс нь компаниудад ямар сорилт тулгардаг, тэдгээрийг менежерүүдээс хэрхэн даван туулдаг болохыг судлах болно. Олон улсын санхүүгийн менежментийн соёлын орчингийн талаар дэлгэрэнгүй зүйл хөндсөнгүй. Учир юу гэвэл өмнө нь 2009 онд "Олон Улсын Маркетинг: Мэдээлэл, технологийн эрин зуунд дэлхийн зах зээлд өрсөлдөх стратеги" номанд энэ тухай бид дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Энэхүү хэсгийн төгсгөлийн кейсээр Аргентинийн загсийн газраас үндэсний валютынхаа ханшийн талаар баримталж буй бодлого нь компаниудад хэрхэн нөлөөлж байгаа болон Blades компани тулгарч буй мөнгөн урсгалын эрсдлийг авч үзэх болно.

Гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудад нөлөөлж байдаг санхүүгийн томоохон хүчин зүйл нь гадаад валютын зах зээл байдаг учираас 3-р хэсэгтээ энэ тухай хөндлөө. Энэхүү хэсэгтээ санхүүгийн үүсмэл хэрэгсэлүүдийг валют дээр авч үзсэний сацуу ойлгомжтой болгох үүднээс эдгээр хэрэгсэлийг ашиглан хеджинг хийх аргачлалыг багтаасан болно. Энэхүү хэсгийн кейсээр Хятадын засгийн газраас өсөн нэмэгдсээр буй валютын нөөцөө удирдахад ямар сорилт тулгарч байгаа болон хэрхэн үр дүнтэй ашиглаж буй талаар авч хэрэгжүүлж буй бодлогыг авч үзэх болно. Энэхүү кейс нь манай улсын хувьд ч ихээхэн ач холбогдолтой юм.

Валютын эрсэдл нь компаниудад тулгарч байдаг хамгийн томоохон эрсдэл бөгөөд гадаад зах зээлд үйл ажиллагаа явуулахад компаниудын орлого, зарлага нь валютад хамааралтай үед үүсдэг. 4-р хэсэгтээ бид валютын эрсдлийн удирдлагын тухай өгүүлэхийг зорихдоо үйл ажиллагааны, ажил гүйлгээнэ болон хөрвүүлгийн эрсдэлийн зэргйг кейсээр дамжуулан хүргэхийг хичээлээ. Энэхүү хэсгийн төгсгөлийн кейсээр Porsche компанийн эрсдлийн зэрэгтэй танилцах болно.

Аливаа санхүүгийн менежерүүдэд нь үндсэндээ гурван зорилгыг шийдвэрлэх шаардлага гардаг гэж сонгодог сурах бичгүүдэд өгүүлсэн байдаг. Энэ нь капитал төлөвлөлт, санхүүжилтийн бүтэц ба ажлын капиталын удирдлага юм. 5-р хэсэгтээ бүхэлдээ дээрх 3 зорилгыг олон улсын санхүүгийн менежментийн орчинд хэрхэн шийдвэрлэдэг болохыг судална. Иймд ҮДК-иуд хөрөнгийн агууламж ихтэй аж ахуйн нэгж байдагтай холбоотой. Иймд ҮДК-иуаас төслөө хэрхэн санхүүжүүлдэг болох, капиталын өртөг нь ямар байдаг, санхүүжилтийн зардлыг бууруулах зорилгоор олон улсын санхүүгийн зах зээлээс хэрхэн хөрөнгө босгодог, мөнгөн урсгалаа хэрхэн удирддаг болохыг 5-р хэсэгт авч үзэх болно. Энэхүү бүлэгт олон улсын санхүүгийн менежментийг хэрэгжүүлэх үеийн улс орны эрсдлийн тухай цухас дурдаад орхисон болно. Учир нь өмнөх номондоо энэ тухай бид маш дэлгэрэнгүй өгүүлсэн болно. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын хэлбэрүүдийг авч үзэхийн сацуу хэсгийнхээ төгсгөлийн кейсээр Евро диснейлэндийн хөрөнгийн төлөвлөлтийг авч үзэхийн сацуу, Blades компанийн мөнгөн урсгалын менежменттэй танилцах болно.