Шри Чинмой "Сүнсний цэцэрлэг"

Саяхан Шри Чинмой-ийн “Сүнсний цэцэрлэг” гэдэг номыг уншлаа (гэхдээ дахиад унших хэрэгтэй ном байна лээ). Амар амгалан, Баяр баясгалан, Эв эетэй амьдралын тухай сургаальт үлгэрүүд гэсэн жижиг хэмжээний нилээд олон үлгэрүүд байна. Уншихад ойлгомжтой энгийн бичигдсэн, ер нь уншаад л баймаар сайхан орчуулагдсан ном байна. Эндээс "Өрөвч сэтгэл" гэдэг нэг үлгэрийг нь оруулчхий. Уул нь зөвшөөрөл энэ тэр гээд хориглосон л байна лээ л дээ. Гэхдээ яахав дээ. Хүмүүс энэ үлгэрийг уншаад энэ номыг шууд авах болуу л гэж бодож байна хэ хэ. Монголд Шри Чинмой төв гэж байдаг юм байна лээ. Энэ хүний талаар болон бичигдсэн, монгол хэл дээр орчуулагдсан номнуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авч болно. Орчуулагдсан номнууд нь Интерном номын их дэлгүүрд зөндөөгөөрөө л байна лээ.


Өрөвч сэтгэл

Аав хүү хоёр өглөөний цэнгэг агаарт салхилж явав. Нилээд явж байтал аав нь гэнэт зогсоод,
- Хүү минь зогсоорой гэв.
- Юу болоо вэ? гэж асуусанд
- Сүртэй юм биш ээ. Энэ замаар цааш явахаа больё.
- Яагаад?
- Тэр настай хүн аавын чинь найз байгаа юм. Надаас мөнгө зээлж авчихаад , төлж чадахгүй яваа юм. надтай тааралдах болгондоо өөр хүнээс мөнгө зээлж аваад өрөө дарчихна гэж хэлдэг. Ингэж ярих болсноос хойш их удаж байна. Энэ хүний санааг дахиж зовоогоод байхыг би хүсэхгүй байна.
- Аав аа, та тэр хүний санааг зовоомооргүй байгаа юм бол тэр мөнгийг бэлэг болгож өгсөн, эргүүлж авахгүй гэж хэлж болдоггүй юм уу?
- Тэгж хэлж үзсэн. "Нөгөө мөнгийг эргүүлж авахгүй ээ, бэлэг гээд бодчих" гэхээр уурлаж, "Би гуйлгачин хүн биш, анд найз чинь байна. Хэрэг гарах үед чи надад мөнгө зээлдүүлсэн, харин боломжтой болохоороо би тэр мөнгийг чинь заавал эргүүлж өгнө. Би найз чинь хэвээрээ баймаар байна, гуйлгачин болж хувирмааргүй байна" гэж хэлдэг. Одоо би тэр хүний санааг зовоомооргүй байна, өөрийнхөө ч санааг зовоомооргүй байна. Хоёулаа ондоо замаар ороод явчихъя.
- Аав минь та үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байна. Таниараа би маш их бахархаж байна. Ихэнхдээ мөнгө зээлдэж авсан нь зээлдүүлсэн хүнтэйгээ үүлзахгүй байхыг хичээдэг. Мөнгө өгсөн нь биш харин мөнгө авсан хүн нь санаа зовдог байхад та тэр хүний санааг зовоохгүй байхыг хүсч байна. Өрөвч нинжин сэтгэл гэж ямар байдгийг таниасаа мэдэж авлаа.

No comments: