Батсүх багшийн ярилцлага

Ц.Батсүх: Инфляци өсөх үндсэн нөхцөл бүрдээд байхад бэлэн мөнгө тарааж байгаа нь бүр аюултай

Энэ жилийн зуднаар цөөнгүй мал хорогдлоо. Хорогдсоор ч байна. Төрөөс малчдын зээлийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Мөн иргэдэд бэлэн мөнгө тарааж байна.

Энэ мэт байдал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Эдгээр асуултанд хариулт авахаар СЭЗДС-ийн эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засгийн ухааны доктор Ц.Батсүхтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Цагаан сар, зуд, бэлэн мөнгөний тараалт гээд эдийн засгийн салбарт олон үйл явц давхардаад байна. Өнөөдрийн эдийн засгийн байдалд та товч боловч дүгнэлт өгөөч?

-Цагаан сарын өмнө иргэд бэлэг худалдан авдагтай холбоотойгоор хоёрдугаар сард гадаад худалдааны дүн нилээн өндөр гардаг. Энэ үед гадагшаа импортын эрэлт ихэсдэг учраас валютын ханш өсдөг ерөнхий байдал ажиглагддаг. Энэ жил валютын ханш нилээн өсөх болов уу гэж таамаглаж байсан боловч харин төдийлөн өссөнгүй. Шалтгаан нь Төв банкинд валютын нөөц ихэссэн байна. Мөн хүмүүсийн хэт их худалдан авалт буурч.

Өөрөөр хэлбэл худалдан авах чадваргүй болчихож л дээ. Зудны хувьд нөлөө нь одоохондоо сайн мэдрэгдэхгүй. Хэрвээ мал олноор хорогдвол хавраас зудны нөлөө Монголын эдийн засагт маш их нөлөөлнө. Мал их үхсэнээр малчдын худалдан авах чадвар байхгүй болдог. Үүнээс болоод сумын төвийн жижиг бизнесүүд эргэлтгүй болно. Тэр нь Нарантуул захын орлогод тодорхой хэмжээгээр муугаар нөлөөлнө. Мал олноор хорогдсоны дараах эдийн засгийн сэргэлт нь 2-3 жилийн хугацаа шаарддаг. Манай эдийн засагт 2000 онд жижиг хэмжээний хямрал ажиглагдаж байсан. Тэр нь 1999 онд болсон зудтай холбоотой байсан юм. Зуд манай эдийн засагт ингэж ул мөрөө үлдээж байдаг. Энэ удаад манай улсад дэлхийн эдийн засгийн хямралын зэрэгцээ байгаль цаг уурын хямрал давхардаж байна. Тэгэхээр эдийн засагт их л хүндээр тусах асуудал. Үүний хажуугаар бага боловч гэгээтэй харагдаж байгаа нэг зүйл нь энэ хавар дэлхийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч, манайд тодорхой хэмжээний орлого орж ирнэ гэсэн хүлээлттэй байна гэсэн арай л дээр мэдээлэл байна даа.

-Тэгэхээр энэ хавраас бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах нь ээ?

-Эдийн засаг муудна гэхээр эдийн засгийн бодит секторуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, тэр салбарынхны орлогын хэмжээ буурдаг. Гэхдээ хотод байгаа хүмүүсийн орлогот тодорхой хэмжээний нэмэлт гарч ирнэ. Мөн уул уурхайн салбарын орлого сайжирвал тэр салбарт ажиллагсадын цалин нэмэгдэнэ гэх зэргээр нэг талдаа хүмүүсийн орлого буурч байхад нөгөө талдаа хүмүүсийн орлого ихэснэ л дээ. Гэхдээ зуд болж байгаа учраас махны эрэлт ихсэнэ. Ингэхээр махны үнэ нилээн өсөх байх. Манай инфляцид хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйл нь махны үнэ байдаг. Хэрвээ махны үнэ өсчихвөл инфляци маш өндөр болж гарч ирнэ. “Махны үнийн өсөлтийг дагаж бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг” гэж Төв банкныхан ч ярьж байна. Махны үнэ өсөхийн өмнөх өсөлт нь ноолуурын үнэ байдаг. Тэгэхээр энэ хавраас ноолуурын үнэ өсөх шинжтэй байгаа. Энэ мэтээр инфляц өсөх үндсэн нөхцөл бүрдээд байхад дээр нь бэлэн мөнгийг ард иргэдийн гар дээр тарааж байгаа нь бүр аюултай гэсэн дүгнэлт хийгээд байна.

-Далан мянгыг гар дээрээ авч байгаа иргэдийн хувьд бол их л баяртай байх шиг байна?

-Яахав дээ, үнэхээр хэцүү амьдралтай иргэдэд мэдээж сайн нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Гэтэл энэ их сонин. Одоо 70 мянгаа авангуутаа бэлэг худалдаад авчихна ш дээ. Тэгэхээр энэ мөнгө Монголд ямар ч нөлөө үзүүлэхгүйгээр гадаад худалдаагаар дамжаад гадагшаа гарчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийг биш Эрээний эдийн засгийг дэмжсэн үйл ажиллагаа л даа. Бас нэг аюултай юм бий. Манайд бэлэн мөнгө тарааснаар болон цалин нэмсэнийг далимдуулж үнэ өсгөдөг сөрөг хандлага бий. Тэгэхээр энэ өгч байгаа бэлэн мөнгийг олон удаа тараавал тэр бүрт үнэ нэмэгдээд бүр “ядаргаа” болно. Тийм болохоор өгөх гэж байгаа юм бол нэг удаа тараагаад л, тэр үед нь нэг удаа юмны үнэ нэмэгдээд өнгөрвөл арай дээр юм болов уу гэж би бодож байна.

-Төрөөс малчдыг малжуулах, санхүүгийн туслалцаа үзүүлэх гэх мэт арга хэмжээ авч байх шиг байна. Хэдийгээр хүнд үед нь тусалж байгаа буянтай ажил мэт боловч үүний цаана сөрөг үр дагавар байгаад байх шиг?

-Төрийн гол үүрэг нь ард түмний амьжиргааны түвшинг ямагт дээшлүүлэхийн төлөө байх ёстой. Тэр үүргээр нь авч үзвэл энэ зөв. Гэхдээ үүний цаана төрийн халамж яваад байхын хэрээр иргэдэд ёс зүйн гажуудал үүсээд байдаг. “Бид ингээд хариуцлагагүй байгаад малаа үхүүлчих юм бол дараа нь төр малтай болгоод өгчихнө, бид хариуцлагагүй байж байгаад малаа үхүүлээд зээлээ төлөхгүй байвал төр хариуцаад төлчихнө, хариуцлагагүй банк хариуцлагагүй зээл өгсөн ч төр хариуцаад өгчихнө” гээд ингээд ерөөсөө ямар ч үүрэг хариуцлагагүйгээр шийдвэр гаргадаг дураараа нөхдүүд болно. Тэгэхээр энэ нь хүмүүсийн сэтгэхүйд хамгийн аюултай үзэгдэл. Түүнээс бодит утгаараа малгүй болчихсон хүнд мал аваачаад өгвөл баярлах уу гэвэл баярлана шүү дээ. Уг нь хүн өөрөө амьдралын төлөө биеэ дааж явж байх ёстой. Ямар үед эдийн засаг хөгждөг вэ гэхээр дундаж амьдралтай хүмүүс ихсээд, өөр өөрийнхөө амьдралыг чирээд яваад байх хэмжээнд хүрэхэд төр ч айх аюулгүй, эдийн засаг ч өөрөө хөгжөөд явчихдаг талтай. Гэтэл одоо манайхан чинь дундаж амьдралтай хүмүүсээ хүртэл халамжийн сэтгэхүйд сургаад, чирдэг болчихож. Төр халамжаар мөнгө өгөөд байгаа юм шиг боловч тэр мөнгө чинь биднийх л шүү дээ. Нэг үгээр хэлбэл нэгийг нь хохироож баахан мөнгө аваад нөгөө хариуцлагагүй нөхөрт өгчихдөг ийм хачин хачин тогтолцоонууд бий болоод байна. Тэгэхээр энэ нь урт хугацаанд нь аваад үзвэл буруу үр дагавар. Өнөөдөртөө бол хүн баярлуулж байгаа сайхан үйл ажиллагаа л юм даа.

-Малчдын Хаан банкинд тавьсан зээлийг төр хүчингүй болгоно гэх юм. Энэ байж боломгүй тэнэг гэмээр шийдвэрт татвар төлөгчид маш их бухимдаж байгаа. Энэ шийдвэрийн эдийн засгийн үр нөлөө нь юу байх вэ. Одоо сүүлдээ энэ төр банкуудыг угжих бодлого л явуулаад байдаг болчихсон ч юм шиг?

-Дургүйцэх субъект нь мэдээж татвар төлөгч. Яагаад гэхээр төр гэдэг чинь өөрөө мөнгө ургуулаад байдаг тийм субъект биш. Нэгээс мөнгө аваад, нөгөөд нь өгөх гэж байгаа л хэрэг. Тэгэхээр хэнээс мөнгө авах юм. Татвар төлөгчдөөс л авна. Бид татвар төлж байхдаа “бидний амьдралыг ирээдүйд сайхан болгоорой” гээд өгч байхад өнөөдрийн болохгүй байгаа юмандаа зарцуулаад харин ч бидний ирээдүйг бүр бүрхэг болгож байгаа учраас мэдээж дургүйцнэ. Мөн түрүүн хэлсэнчлэн ёс зүйн гажуудал энд бас үүснэ. Одоо малчид “хамаа замбараагүй зээл авъя. Болохоо байчихвал төр төлчих юм чинь яадаг юм” гэх нь байна шд.

-Ямар ч зуданд үхэж болох “мал” гэх найдваргүй барааг барьцаалан зээл өгсөн тухайн банк өөрөө хариуцлагаа үүрэх ёстой баймаар. Гэтэл банкны хариуцлагыг төр шүүрч аваад байдаг нь сонирхолтой. Мэдээж үүний цаана Хаан банк, Төр хоёрын дунд “асуудал” байгаа гэдэг нь ойлгомжтой болж байх шиг.

-Мэдээж банк хариуцлага үүрэх ёстой. Өгсөн нөхөр хариуцлагаа хүлээх ёстой байтал тэр нөхрийн толгойг илж байснаа явуулчихдаг ийм хачин хачин зүйл их гарах болжээ. Яг адилхан хоёр нөхцөлтэй банкыг өөр өөр нөхцлөөр дампууруулж байна. Ерөөсөө одоо энэ гаргаж байгаа шийдвэрүүд нь эдийн засгийн агуулгатай биш болоод бүх зүйл нь улс төрийн агуулгатай болчихоод байна. Энгийн иргэд түүнийг нь ойлгохгүй. Хүн алчихсан хоёр хүнийг нэгийг нь нэг янз, нөгөөтхийг нь өөр янзаар шийдээд тавьчихаж байна л гэсэн үг шүү дээ.

-Банкны салбарт итгэх иргэдийн итгэл ч байхгүй боллоо. Төв банкнаас мөнгөний хэт хатуу бодлого барьж, зээлийн хүүг өндөр барьж байгаа нь буруу гэж ярьж байна. Энэ тал дээр?

-Төв банкнаас явуулж байгаа бодлого нь зарим талаараа зөв, зарим талаараа буруу байна. Эдийн засаг хямарч байна гэдгийг бид бүгд яриад байна. Хямралтай үед Төв банк яаж ийж байгаад тэлэх бодлого явуулах ёстой. Зээлийг аль болох дэмжээд, хүүгий нь бууруулаад, янз бүрийн эх үүсвэр, урт хугацаатай бүтээгдэхүүнүүдийг бий болгох ёстой. Банкны салбар илүү уян хатан ажиллах хэрэгтэй. Мэдээж сэргэлтийн дараа иргэд зээлээ төлнө шүү дээ. Жишээлбэл, нэг жилийн дотор үндсэн зээлээ төлөхгүй байх бүтээгдэхүүн гаргах ёстой байхгүй юу. Сэргэхээрээ үндсэн төлбөртэйгээ цуг төлдөг ч юм уу. Энд бас төрийн хоёр институцийн зөрчил ажиглагдаад байгаа юм. Засгийн газар, Монголбанк хоёр нь хоорондоо үйл ажиллагаагаа тохируулдаггүй. Засгийн газар нь дураараа загнаад мөнгө тараагаад байдаг. Тэгээд мөнгө тараагдаад инфляци өсчихөөр Монголбанкаа загначихдаг. Тэд нар нь үнэн хэрэгтээ наана болж байгаа бодит процессийн үйл хөдлөлийг яагаад ч хязгаарлаж чадахааргүй нөхдүүд шүү дээ. Тэгэхээр тэрнээсээ айгаад элдэв алхам хийж инфляци дээр инфляци нэмснээс боломжийнхоо хэмжээнд хязгаарлаад тавьчихъя л гэж бодож байгаа байхгүй юу.

-Хар толгойгоо бодоод байдаг?

-Харин тийм л байдал ажиглагдаад байна. Эдийн засгийн сангийн, мөнгөний гэсэн хоёр бодлого байна ш дээ. Тэр хоёр чинь хоёулаа эдийн засгийг урагш нь явуулахад нийцэж явах ёстой. Гэтэл нэг нь урагшаа, нөгөө нь хойшоо болчих гээд дунд нь байлгаад байж болохгүй л дээ. Хоорондоо нийэхгүй болчихоод байгаа байхгүй юу. Ямар ч улс төрийн зохицол байхгүй. Нэг байгууллага дээр очихоор нөгөөтхөө муулаад л байдаг. Манай төрд өөрийн институцийн удирдлага зохион байгуулалт гэж нэг юм байх ёстой доо. Гэтэл тэр нь байх ёстой хэмжээндээ биш, нэг л тийм өөр зохицуулалт яваад байх шиг байгаа юм. Юу ч гэж хэлмээр юм. Шууд хэлэхэд олигархиудын гарт төрийн эрх мэдэл шилжчихээд байна гээд хүмүүс яриад байгаа шүү дээ. Яг л ийм байхгүй юу. Цөөн хэдэн хүний дур зоргоороо зохион байгуулалтанд ороод доод талууд нь тэдний зохион байгуулалтанд зарим нь орно, зарим нь орохгүй гээд байгаа зөрчил нь улс орны эрх ашгийн төлөө биш болчихож байгаа юм.

-Банкуудын байдал хүндхэн болж ирлээ. Энэ салбарт дүгнэлт хийвэл?

-Эдийн засгийн өсөлттэй үед зээлийн төлөлт сайжраад найдваргүй зээл багасаад ирэхээр тэрэнд эрдсэн шиг байгаа юм. Баахан хариуцлагагүй зээл олгогдсон. Ер нь банк ч бай өөр бусад салбар ч бай Монголд ерөөсөө хариуцлагын тогтолцоо гэж зүйл байхгүй. Хариуцлагын тогтолцоо хэдийд бий болох вэ гэхээр хариуцагч нь тодорхой болсон үед л бий болно. Тэгэхээр хариуцагч тодорхойгүй нийтийн юм болгож шийдвэр гаргадагт гол аюул нь байгаа юм. Улс төрийн маш том шийдвэр гаргачихна. Тэгээд хариуцлага тооцох гэхээр 76 хүнийг чинь бүгдийг нь барьж аваад “хийчхэлтэй” нь биш дээ, тийм үү. Гэтэл гаргасан шийдвэрийн цаана нэг л хүн хариуцдаг бол “миний энэ шийдвэр алдаатай гарвал би хар толгойгоороо хариуцна” гэж тэр хүн бодно шдээ. Гэтэл “би гаргаад ямар ч хариуцлага үүрэхгүй, эд нартай адилхан юм чинь. Бүгдээрээ л явна. Бүгдээрээ явтал хаа юм” гэсэн байдал үүсч байна. Яг тийм байхгүй юу. Энэ банкны шийдвэр гаргалт ч гэсэн адилхан. Зээл олгосон нөхөр нь нэг л хариуцагч байх юм бол “зээл өгснөөрөө би хариуцна” гэж бодно. Хариуцлагатай хандана. Гэтэл одоо бол зээлийн хороо хуралдаад өгчихөж байгаа учраас хороонд сууж байсан нөхөд бүгд хариуцлага үүрэх болохоор тарамдаад л алга болно. Ерөөсөө л манай улсад хувь хүн дээр тогтсон хариуцлага гэж бахйгүй болсон. Нийтэд нь нялзаагаад хаячихдаг. Энэ л хамгийн том аюул.

-Барилгын салбарт их анзаарагдаж байна. Төрийн зүгээс иргэдэд “1 м2-ыг нь 650 мянгаар зарна” гээд хэлчихдэг. Гэтэл өнөө барилгынхан нь “тэгж ярихгүй” гээд гүрийчихдэг. Эдийн засгийн тооцооллоор бодоод үзэхээр үнэхээр барилгын салбар үнээ бууруулах аргагүй юм уу?

-Ер нь тэд чинь эхлээд өндөр үнээр зарж байсан шүү дээ. Яг тэр өндөр үнээр зарж байсан үеийнхээ тэр өндөр үнээр зарсан ашгаа түүхий эд нийлүүлэгчидтэйгээ хувааж байгаа. Тэгэхээр түүхий эдийнх нь үнэ нь тэндээ шингэчихсэн. Түүхий эдийн үнэ ч хөөрөгдчихсөн явж байсан гэсэн үг. Мөн угсралтын ажлын хөлс ч хөөрөгдсөн байсан. Хий хөөрөгдсөн үнээс болж барилга бариулсан эзний ашиг ч ихэссэн байгаа. Ингээ үе шат бүхэндээ хөөрчихсөн байсан. Тэр бүгдээс үйл ажиллагаанд оролцсон бүгд хожиж байсан. Одоо буурулъя гэхээр оролцогч бүхэн хохирч таарна даа. Ингэхээр тэд бүгд дургүйцэх нь ойлгомжтой. Яахав барилга зарагч нь 650 мянга болгоотхоё гэхээр доод талынх нь нөхөр анх хийсэн гэрээгээрээ л зардлаа авна гээд дайрна. Тэгэхээр үйл ажиллагаанд оролцож байсан субъектуудын хоорондын зөрчил гараад ирж байгаа юм. Хэрвээ төр 650 мянгаар үнэлэх гэж байгаа бол “хоёр жилийн дараа баригдаж эхлэх байшин тийм болно” гэж хэлэх хэрэгтэй. Одоо нэгэнт бүх ашиг нь бодогдоод баригдчихсан байшинд тэгж болохгүй.

-Барилгын салбарынхан агаарт хөөрч байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж тийм үү?

-Тийм. Агаарт хөөрч байсан, түүнээс ч их юм хүртэж байсан гэдгээ ойлгох хэрэгтэй. Төр өөрийн гэсэн аудитын газартай шдээ. Барилга баригдах үе шат бүхэнд өртөг нэмэгдэх нь ойлгомжтой. Тэр бүх үнэлгээг нь бодитоор тогтоогоод 650 мянгаар зарж болох юм гэдгийг нь батлах хэрэгтэй. Гэхдээ 650 мянгад гарах байшин нь энэ байшин шиг чанартай байх уу гэдгийг бас бодож үзэх ёстой. Сэтгэлийн хөөрлөөр “Нэг м.кв-аа 650 мянгад зар” гэж хэлж болохгүй л дээ.

-Банкууд хүүгээ бууруулах арга тал байдаггүй юм байх даа?

-Зээлийн хүү буурах асуудал чинь ийм учиртай. Зээлийн эх үүсвэр нь хадгаламж. Тэгэхээр зээлийн хүү буурахын тулд хадгаламжийн хүү буурах ёстой. Мэдээж жилийн 12 хувийн хүүтэй хадгаламж авчихаад тэрийгээ 15 хувийн хүүтэй болгож л цааш нь өгөхгүй юм бол банк байж болохгүй биз дээ. Тэгвэл хадгаламжийн хүү буурна гэхээр хадгаламжинд хийсэн хүний мөнгөний үнэ цэнэ буурахгүй байх ёстой. Инфляци 12 хувь байхад хадгаламжинд 12 хувийн хүүтэй мөнгө хадгалуулбал шал утгагүй зүйл болно. Тэгэхээр инфляцийн хохирлыг нөхөөд цаана нь ядаж 2 хувийн ашигтай байхаар хадгаламжийн хүү 14 хувь байх хэрэгтэй. Тэгэхээр инфляцийг бууруулах шаардлагатай. Эцсийн дүндээ үнэ хэт өсдөггүй байх нөхцлийг л бүрдүүлэх ёстой юм. Тэгж байж бүх зүйл уялдана. Ганц асуудал байж болно. Дотоодоос татсан эх үүсвэр чинь өөрөө үнэтэй эх үүсвэр учраас болдоггүй. Тэгэхээр гадны орнуудаас ирж байгаа жилийн гурав орчим хувийн хүүтэй зээл тусламж дээр ханшны өсөлтийг нэмээд 6 боллоо гэхэд түүнийг олон “гар” дамжилгүй 8 хувийн хүүтэй гаргах асуудал байгаа юм. Энэ эх үүсвэр бол арай хямд үүсвэр. Олон улсын байгууллагаас Засгийн газар аваад, Засгийн газар Монголбанкинд хүү нэмж дамжуулан зээлдээд, Монголбанк хүү нэмж цааш нь арилжааны банкуудад зээлдэг. Тэгэхээр гурван шат дамжиж байна шдээ. Энэ дамжлагыг хоёрыг нь алга болгоход 4-5 хувийн хүү унадаг. Тэгэхээр энэ дамжлагыг л цөөрүүлэх хэрэгтэй. Төрийн хоёр институци хоорондоо дамжуулан зээлдээд байгаа нь сонин л байгаа биз дээ.

-Оюутолгойн гэрээ батлаад 100 сая ам.доллар зээлээр авлаа гэх юм. Тэгээд хүнээс хүүтэй зээлж авсан мөнгөө иргэддээ зүгээр тараана гэх. Байж боломгүй тэнэг шийдвэрүүд ар араасаа их л гарах болж дээ.

-Энэ цэвэр улс төр яваад байгаа юм. Утгагүй байхгүй юу. Уг нь тэр Оюутолгойн орд газрыг ашиглах ашиглалтын татвараа өгөх ёстой шүү дээ. Тэр татварыг урьдчилж авсан юмаа гэж л авах ёстой байсан. Гэтэл “та нар урьдчилаад зээл өгчих. Бид нар хүү төлье” ч гэж байх шиг. Хачин сонин юм яриад байдаг. Тэгээд тэр авчирсан зээлээ ямар ч эргэлтэнд оруулахгүйгээр Эрээний бараа луу явуулчихаж байна. Улстөрчид суудалдаа удаан хугацаагаар байх гэсэн айхтар ашиг сонирхол л ийм шийдвэрүүдэд хүргээд байна. Түүнээс энгийн малчин хүн ч бодно шүү дээ. Хүнд юмаа өгөх гэж байж зээл аваад л байх уу. Уг нь гуйж байгаа нь өгье гэмээр юм. Тэгсэн өгч байгаа нь “зээл өгөөч” гээд байдаг.

-Монгол улсын ирээдүйд хор хөнөөлтэй энэ мэт шийдвэрүүдэд эдийн засагчдын зүгээс санаа бодлоо оруулж болдоггүй юм уу. “Ойрын арван жилийн эдийн засгийн төлөв ийм байна. Эдийн засгийн бодлогын хүрээнд ийм асуудал шийдэх хэрэгтэй байна” гэх мэтээр асуудал дэвшүүлж болохгүй юу?

-Их, дээд сургуулийн багш нараас асуувал тэд чинь өөр өөрийн судалгаатай, туршлагатай хүмүүс байгаа л даа. Гэтэл бидний хэлснийг тэд сонсдоггүй юм. Тэгээд бас бид үгээ тэдэнд хүргэх механизм байхгүй. Би одоо УИХ-ын гишүүнтэй зүгээр яриад шийдүүлчихнэ гэж байхгүй. Саяхан ийм механизм бий болгоё гэдэг асуудал гарч ирсэн. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Энхбаяр гуай Их дээд сургуулийн судлаачдыг аваачиж уулзаад “2010 онд бидний тооцоолоогүй өөр эрсдлийг та нар олж харж байна уу. Энэ дээр засгийн газар зардлаа оновчтой төлөвлөе” гэж байна. Их дээд сургуулийн багш нарыг сонсдог болох ийм алхмууд хийгдэж эхэлж байна. Энэ бол сайшаалтай хэрэг. Гэхдээ нэг талаасаа бидэнд бас иргэн хүний хариуцлага байх хэрэгтэй юм шиг байна. Хийсэн судалгаагаа хэвлэл мэдээллээр дамжуулаад ч юм уу, иргэд болон төрийн удирдлагуудад хүргэдэг өөр шугамууд л олох хэрэгтэй юм байна л даа. Түүнээс нэг хүн орилоод ч юм уу, бичээд хүрдэггүй юм байна.

-Та бүхний дуу хоолой үнэхээр дутагдаад байх шиг. Эс тэгвэл өнөө 76 чинь бүх салбарт доктор хамгаалчихсан мэт л аашлах юм.

-Тэд нар чинь мэдэхгүй зүйл байхгүй болчихсон мэт байдалдаа эрдээд хүний үгийг сонсдоггүй юм. Үнэндээ бол. Би одоо энд тэнд хурал дээр очоод суулаа гэхэд ерөөсөө сонсохгүй ш дээ. Нэг ёсондоо түвшний ялгаа гээд өөрсдийгөө ойлгочихсон байхгүй юу. Өөрсдөө тасраад дээшээ гарчихсан гээд ойлгочихсон. Эрүүл төр бол бид битгий хэл жирийн иргэнийхээ үгийг ч гэсэн сайн сонсож байх хэрэгтэй шдээ. Амьдралын хар ухаантай, туршлагатай, тун ухаалаг үг хэлж байгаа хүмүүс олон бий. Гэтэл тэр 76 л бүхнийг мэдэгч болчихоод байгаа нь их аюултай. Нэг талаасаа хүний хэлж байгаа үгний цаана санхүүгийн чадавх их нөлөөтэй байдаг. Санхүүгийн чадвар нь тэдний гарт байгаа цагт биднийг сонсоод хэрэггүй л байхгүй юу. Тийм аюул бий. Тэгэхээр тэдэнд хөрөнгө хуваарилахад иргэний оролцоо асар өндөр байдаг механизм бүрдүүлэхгүй бол болохгүй болчихоод байна. Яагаад гэвэл тэд чинь төсвийг баталдаг, одоо бүр өөрсдөө захиран зарцуулдаг болж байна. Төрийн бүх эрх мэдэл гарт нь орж байна. Энэ маш аюултай.

-Миний бодоход манай улсын ирээдүй энэ маягаараа явбал тийм ч гэрэл гэгээтэй харагдахгүй байна. 2012 оны сонгууль болоод ч нэмэргүй болчихлоо. Эдийн засагчийн зүгээс ойрын үед гэрэл гэгээтэй юм олж харагдана уу?

-Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас харахад надад ч гэсэн хэцүү харагддаг. Монголын ирээдүй бол эвгүй харагдаад байгаа. Яахав Монгол хүнийхээ амны билгээр ярьвал цаашдаа сайхан л болох байх л даа. Гэхдээ хараад байхад 2013, 2014 оноос эхлээд гадаад байдал болон цаг үеийн нөхцөл байдал ч гайгүй болно. 2007, 2008 онуудад хэсэг сайхан байлаа шдээ. Тэр сайхан байдал нь иргэдэд нэг их тусаагүй л дээ. Гэхдээ яахав байж байгаа байдал нь арай дээр болсон. Ийм нөхцөл 2013-16 онуудад харагдана. Ажиглаад байхад шилжилтээс хойш 20 жил өнгөрсөн гээд бодоход 1994 оноос Монголын эдийн засаг гайгүй болоод 1999 он хүрээд муудсан. Тэгээд 2004 оноос гайгүй болоод 2008 оноос уначихаж байгаа байхгүй юу. Ингэхээр ийм энерцээрээ яваад байвал 2013-2014 онуудад гайгүй болоод 2019 оны үед дахиад л хямарч эхлэх магадлалтай. Би уул уурхайгаас орж ирэх орлогыг зөв менежмент хийх талаар судалгааны ажил хийж байгаа. Уул уурхайгаас орж ирж байгаа байгалийн баялгийн орлогын менежмент гэдэг чинь олон улсад хөгжчихсөн, ямар стандарттай байдаг вэ, сангууд нь яаж ажилладаг вэ гээд тэр бүгдийг уншиж, судалсан. Тэгээд “Монгол улсын хөгжлийн сан” болгоод бүх мөнгийг нь арай ч ингээд зүгээр тараачихгүй, нэг хэсгийг нь хөрөнгө оруулалтанд хийдэг, нөгөө хэсгийг нь гадна дотны сангуудад арвижуулж байгаад тогтвортой хөгжлийн үзэл баримтлал ёсоор хойч үеийнхэндээ үлдээдэг байхаар бодож хийсэн. Бид ч хүртэх ёстой, хойч үе маань ч нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг хүртэж л байх ёстой шдээ. Тэр утгаараа бид одоо олсон мөнгөө арвижуулаад байж л байх ёстой. Энэ утгаараа олон функцтэй сангийн хувилбар гаргаад сууж байтал гэнэт харин эсрэгээрээ бүх мөнгийг зүгээр л тараагаад хаячихдаг сан байгуулчихлаа л даа. Хүний хөгжлийн сан гээд. Ингээд их л сонин яваад байх юм. Энэ сан шиг зүгээр л тараадаг сантай байх юм бол Монгол улсын хөгжлийн ирээдүй гэрэл гэгээтэй байна гэж байхгүй. Яагаад гэвэл энэ тараалт нь хоёрхон зүйлд л нөлөөлнө. Дотоодод болохоор барааны үнэнд, гадаадад болохоор гадаад худалдааны тэнцэл алдуулна. Өөр зүйлд бараг л нөлөөлөхгүй л дээ.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Ярилцсан О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/
Copied by Ambaga /ambaga_2@yahoo.com/

1 comment:

Morris John said...

Би баталгаатай зээл өгөх нь хувийн зээлийн зээлдүүлэгч байна
нийт 3%-ийн хүүтэй ноцтой сэтгэлгээтэй хувь хүн, компани
зээлийн эргэн төлөлт, жил бүр долоо хоног, сар, эсвэл зөвшөөрөгдсөн
Сонирхсон үед надад и-мэйл та эргэн төлөлтийг хийж болно хэрхэн хамаарч
Бид зөвхөн санал болгож байна: Доллар, Pounds Евро зөвхөн өнөөдөр Холбоо барих
Эдгээр

Таны бүрэн мэдээлэл:
Бүтэн нэр ..............
Зээлийн хэмжээ шаардлагатай .....
Зээлийн хугацаа ...........
Утас ..........
.......... Өмнө тавигдаж буй
Төрийн ...........
Сарын орлого нь .........
Улс ......
Morrisjohn1239@gmail.com: Та бидний бизнесийн и-мэйл энэ илгээх хэрэгтэй