Байгаль дахь амьтдын дотроос оюун ухаантай нь хүн боловч дээд зэргийн ухаангүй, дэндүү тэнэг үйлдлийг үйлдэнэ. Хүний дайсагнасан үйлдэл хэмжээ хязгаараа алджээ. Хүн гурван тийш дайсагнана.
1. Өөр хоорондоо дайсагнана.
2. Өлгийдөж авсан байгаль эхдээ дайсагнана.
3. Өөрөө өөртөө дайсагнана.
Дайн тулаан, аллага хядлага, хүчирхийлэл хэлмэгдүүлэл зэрэг хүмүүсийн өөр хоорондын дайсагнал эцэстээ юунд хүргэдгийг түүхийн үнэн зүрхэн дундуур хар мөр татуулан, тодоос тод тольдон харуулна. Хүмүүс хоорондын эв эвдсэн дайсагнал, эцэс төгсгөлгүй эвдрэл цусан гол урсгаж, ясан овоо босгосныг үеийн үед мартах учиргүй. Буурал түүхээс авах хамгийн том бөгөөд хамгаас чухал сургамж энэ. Үндэстэн ястан, шашин шүтлэгээрээ хуваагдан өөр хоорондоо дайсагнасан утга учиргүй мунхаглалаас хохирсон, хохирч байгаа хүмүүсийн хувь заяа туйлын хөөрхийлөлтэй. Танхай балмад үйлдлийн золиос болсон хүмүүсийн тоо толгой бидний толгойтой үсний тоо ширхгээс аль хэдийн давсан байлгүй. Тэр бүхэн хүмүүсийн мунхаг ухаан бодлоос үүссэн байдаг нь халаглан харамсмаар. Мунхаг ухаан бодлын гаслант үр тооцож болох хэмжээ хязгааргүй. Мунхгийн хороос амьдрал биш үхэл л ялгарна. Мунхаг хүнээс хайр нэхэж байгаа хүмүүс өөрөө мунхаг. Учир нь оргүй зүйлийг тэд нэхэж байна. Мунхаг хүнээс ёс суртахуун шаардаж байгаа бол нийгэм өөрөө мунхаг. Учир нь огт байхгүй, ор бүтэхгүй зүйлийг шаардаж байна. Мунхгийн үндэс үзэн ядахуйн хөрсөнд хэт гүн суусан нь хүмүүст үзэшгүй бузар гай гамшиг тарьж байна. Хүн бүр өөрт үүрлэн хоргодсон мунхгийн үндсийг таслахыг хичээг.
Хүн, “хоёр зүйлээс айх хэрэгтэй. Нэг нь хүчтэй дайсан. Нөгөөх нь хар санаат нөхөр”. Өчигдөрхөн миний өр зүрхний нөхөр мэт байсан анд өнөөдөр өстөн дайсан болчихсон байвал нэг их гайхаад хэрэггүй. Яагаад гэвэл “гол төлөв нөхрөөс дайсан буй болдог” юм. Ойр дотны хүн чинь сэтгэл буруулан, санаагаа хувиргавал нөхөр байсан нэгнээ алдаад зогсохгүй дайсан нэгээр нэмэгдлээ гэж тооцохоос аргагүй. “Дайсан болсон ойрын хүн хартан дайснаас илүү аюултай” гэдгийг мэд. Ер нь хамгийн ойр байгаа хүмүүсийн дунд хамгийн хүчтэй дайснууд бий гэж ярьдаг. “Бидний жинхэнэ дайснууд өөрсдийн маань дотор байдаг” гэсэн үг байна. Тийм болохоор ойр тойрны хүмүүсээсээ үргэлж болгоомжилж явахыг оймс илүү илээсэн ахмадууд сургаж, нөхөр мэт дүр эсгэдэг дайсан нэн аюултай гэдгийг анхааруулж иржээ. Ойр дотно хүмүүсийн дайсагнал онцгой эвлэршгүй байдаг нь маргашгүй үнэн билээ. “Зарим хүнийг найз гэснээс дайсан гэж тооцох нь ашигтай байдаг” гэж их зохиолч Ф.М.Достоевский бичсэн байна. Сэрдэж сэжиглэж байгаагүй дайсан бүхнээс аюултай. Нүүрэн дээрээ үнэнч нөхрийн хуурамч царай гаргаад нүүрнээс далд үнэмшмээргүй муу муухайг бодож сэдэж суудаг андын багтай дайснаас бүр их болгоомжил. Ил дайснаас биеэ хамгаалах арай хялбар, далд дайснаас биеэ хамгаалах нь амаргүй. Учир нь “далд дайсагнал илэрхийгээсээ илүү аюултай” байдаг. Дайсны хүчийг зөв үнэлэн тооц. “Хүчин мөхөс дайсан хөнөөл учруулж чадахгүй гэж бодох нь очноос түймэр үүсэхгүй гэж бодохтой адил”. Аминдаа тулахаар хулгана хүртэл муурыг хазаад авдаг юм.
Хүн төрөлхтөн “байгалийг гагцхүү түүний хуульд захирагдах замаар ялж болно” гэдгийг ухааралгүй, өөрсдийн хуулиар ялахаар тэнэглэж, байгаль ээждээ дайсагнаж ирэв. Байгалийг өөрсдийн мулгуу ухаанаар ялж, хүсэл зорилгодоо захируулах гэсэн хүний ухаангүй үйлдэл бүхэн хариу шангаа хатуухан хүртэж байна. “Байгаль бүдүүн бараг байдлыг тэвчдэггүй ба алдааг өршөөдөггүй” гэдэг нь үнэн ажээ. Манай цэнхэр гаригт экологийн доройтлын аюул нүүрлэсээр байгаа гэдгийг хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, хуурайшил, цэвэр усны хомсдол, хүлэмжийн хийн нөлөөлөл бүгдээрээ хүмүүсийн байгаль эхдээ дайсагнасан, бодлогогүй үйлдлээс эхтэй. Хэт хожимдож, хэтэрхий оройтоогүй дээрээ эрхбиш ухаарч сэхээрэх цаг нь болсон байна.
“Байгаль үг хэлдэггүй боловч өөрийгөө төлөөлүүлэн ярьдаг хэл, мэдэрдэг зүрхийг бүтээдэг”. Одоо мэдэрдэг зүрх нь хүний ухвар мөчид хэрэгт аюулын харанга дэлдэж, ярьдаг хэл нь урьдын хийсэн бүхэнд харуусч улаан зүрх чинь урагдах мөч ирнэ гэж сэрэмжлүүлэн, түмэнтээ уучлашгүй хэрэг үйлдэж байгааг анхааруулж байна. Хүн төрөлхтөн байгаль эхийнхээ өвөр дээр бурханлиг жаргалд умбах уу, тамын харанхуйд унах уу гэдгээ сонгох сонголтын өмнө байна. Салхийг чулуугаар дарж болдоггүйн адил байгаль эхийн том, бага ямар ч гамшигийн өмнө бид хөөрхийлөлтэй арчаагүй хүчин мөхөс билээ. Байгаль эхдээ дайсагнах нь өөртөө дайсагнаж байгаатай утга нэг. “Хүн-байгаль дэлхийн дээд бүтээгдэхүүн. Гэвч хүн байгалийн нандин бүхнээр цэнгэхийн тулд эрүүл, хүчтэй, ухаантай байх ёстой”.
Цөөн биш хүн эрүүл, хүчтэй, ухаантай байх боломжийнхоо эсрэг өөрөө өөртөө дайсагнан тэмцэж байдаг нь хэтэрхий ухвар мөчид хэрэг. “Эрүүл хүн – байгалийн хамгийн үнэт бүтээл”. Хүмүүс эрүүл мэндийнхээ эсрэг санаатайгаар дайсагнана. Тэд архи арван насыг, тамхи таван насыг авна. Архичин хүний зүрх алаг цоохор, тамхичин хүний уушиг тарлан цоохор, архи, тамхи эрүүл мэндийн дайсан гэдгийг мэддэг, ярьдаг мөртлөө энэ хоёр хорыг хоол унд мэт хэрэглэж, хайран биеэ сүйтгэнэ. Архи, тамхинаас дутуугүй эрүүл мэндийг хорлодог өөр хоёр дайсан бий. Энэ нь хөдөлгөөний хомсдол, хоолны илүүдэл хоёр. “Хүний байгалийн мөн чанар нь хөдөлгөөнд оршино. Огт хөдөлгөөнгүй байх нь үхэл гэсэн үг”. Их идсэнээр урт наслахгүй, хоол хэтэрвэл хор. “Хүн идэхийн тулд амьдардаггүй, харин амьдрахын тулд иддэг”.
Өөрийн биеэ өөд татан, урагш ахин дэвжих замд арчаагүй байдал, сурч мэдэх тэмүүллийн хомсдол саад болж, саатуулан хөндөлсөнө. Арчаагүй байдал адгаас адаг дайсан. Арчаагүй байдалд хүлэгдсэн хүнийг авралын од гэрэлтүүлэн гийгүүлэхгүй. Сурч мэдэх тэмүүллийн хомсдолд орсон хүн суусан газраасаа хөдлөхгүй. Мэдэхгүй, чадахгүйн дарамтан дор мөнхөд зовж явахад хүрнэ. Хэн байх нь ялгаагүй, хэний хүүхэд байх нь хамаагүй өнгөрснийг мэдэхгүй, өнөөг ойлгохгүй, ирээдүй нь тодорхойгүй байж хэрхэвч болохгүй. Бидэнд байгаа хамгийн хүчирхэг хөрөнгө бол бидний оюун ухаан. Оюун ухаанаа байнга цэнэглэн, үргэлж хөгжүүлээд байх юм бол маш их баялгийг нүд ирмэхийн зуур олоод өгч чадна. Өөрт байгаа хүч чармайлтаа дайчлахгүй үлбэгэр сулбагар амьдралын хэвшлээр өдөр өнгөрөөх нь өөдлөх замд чинь тээглэх өстөн дайсан яах аргагүй мөн. Хичээнгүй хүч чармайлт гайхалтай үр дүнд хүргэдэгт эргэлзээ байхгүй. Залхахыг мэдэхгүй идэвх чармайлт гаргасны үр дүнд амжилт олно. Хэчнээн авьяаслаг хүн байлаа ч тогтворгүй, тэвчих хүч дутагдах аваас авьяас чадваргүй ч байнга чармайдаг хичээнгүй хүнд ялагддаг. “Аажуу удаан алхдаг нь алс хол газар хүртэл очиж чаддаг” гэх Итали ардын цэцэн үг бий.
Аймхай хулчгар зан бүтээлч үйлсийн дайсан. “Хулчгар зан маш их хортой. Яагаад гэвэл, тэр нь ашигтай үйлдэл хийх санаа зоригийг саатуулдаг”. Айдас бүрийн өмнө өвдөг чичрүүлэн бууж өгөөд байвал амжилт олно гэж бодож санахын хэрэггүй. Айдсыг ялан дийлэх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Аливаа айдсыг зүрх зоригоо хөвчлөн байж ялж дийлнэ. “Хүн айдсыг хэдийчинээ ялна, тэрээр төдийчинээ хүн байдаг”.
Тэвчээргүй зан урагшлах замд садаа болж, амжилт олоход арагш чангаана. “Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чаддаг”. Тэвчээргүй хүн үйл хэргийг эхлээгүй байхдаа хийх гэж агадан сандран яардаг ч эцсийг нь үзэж гүйцээлгүй няцдаг. Тэвчээргүй зан тэрсэлдэх дайсан адил хортой. “Тэвчээр гашуун ч түүний үр шим нь чихэр мэт амттай байдаг”.
Хүний бодол сэтгэлийг боож цоожлон, бүтээлч оролдлогыг хааж түгжин, гар хөлийг хүлж багладаг заналт дайсан бол залхуурал. Хүмүүсийн хамгийн амархан эвлэрдэг гажгуудын нэг нь мөн л залхуурал. Залхуугаас заяа зайлдаг болохоор залхуурах гажгийг засч залруулан, ялан дийлэхгүйгээр сайн сайхан амьдрал хий хоосон хүсэл мөрөөдөл төдий үлдэнэ. Хэн ч гэсэн залхууралгүй, хичээн зүтгэж мэрийвэл хүссэн зорьсон өөдөө итгэл төгс урагшлана. Оюуны залхуурал онцгой хорлолт дайсан. Сурч мэдэхгүй бол тас харанхуй өрөөнд тэмтчин яваа хүн мэт. Бодож сэтгэхгүй бол буусан бууринаасаа нүүж, байсан байрнаасаа хөдлөхгүй. Мөрөөдөл тэмүүлэлгүй бол мөхөс нэгэн байсаар хорвоог туулна. Зорьсон зорилгогүйгээр зол жаргалыг олохгүй. Бага зорилгоор их хэргийг бүтээхгүй. Оюун санааны саруул орон зайд залхуугийн гамшиг үүрлэвэл заяа тавилан чинь төөрч, хувь хишиг дутна. “Хүн их төлөв өөртөө хэрцгий дайсан болдог”. Өөртөө дайсагнасан хүн өнийн жаргалыг эдлэхгүй. Өөрөө өөртөө дайсагнах биш, өөрөө өөртөө тусал!
No comments:
Post a Comment