Цэрэнпунцаг гарьдын тухай
Бөхийн хүрээнд залуухан, амьд сэрүүнээрээ домог шахуу болсон нэгэн бол Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат Цэдэндамбын Цэрэнпунцаг гарьд билээ. Домог гэдгийн учир нь энэ сайхан бөх барилдахаа болиод бас нэлээд жил өнгөрчээ. Уг нь одоо ч барилдахаар нас байгаа л нэгэн. Гэвч элдэв бизнес эрхэлсээр үндэсний бөхөөс лав зайгаа нэлээн барьчихаж.
Ёкозунаг дарж, америкчуудыг алмайруулагч
Дагвадорж аваргыг Доржоо гэж гэрийнхэн, багын найз нар нь дууддаг байлаа. Доржоо наадмын өсвөрийн бөхийн барилдаанд барилдахаар гарахдаа өөрийнх нь үлгэр дууриал шахуу болсон бөх Цэрэнпунцагийн хажууд ирээд “Пунцагаа ах аа, алаад өгнө өө, тийм ээ” гэж хэлээд гуяа алгадаад барилдахаар гарч байсан тухай яриа байдаг. Мөн Доржоо комүсүби цол хүртчихээд эх орондоо ирээд Пунцагаа гарьдтай /тухайн үед заан/ гар барилдаад дийлээгүй гэдэг. “сумочдод очоод хэлнэ ээ. Би нэг ахыгаа ерөөсөө гар барилдаанаар дийлдэггүй юм. Гэтэл тэр ах минь надаас жижигхэн шүү дээ” гэж Доржоо нэгэнтээ ярьж байсан. Ер нв гар барилдааны хувьд Цэрэнпунцагийн өмнө гишгэх хүү Монголд бүү хэл дэлхийд ч ховор байх гэлцдэг. Тэр Америкт сурч байхдаа “Парик” Жагаатай хамтдаа бааранд оржээ. Гэтэл том биетэй америк эрчүүд бие биендээ гарын бүлээ гайхуулж байна гэнэ. Манай хоёр жаахан мөнгө муутай явсан уу эсвэл Пунцагаагийн сэтгэлд багтаад байсан уу тэдэнтэй гар барилджээ. Өөрийг бараг өндрөөрөө нугалчихмаар америк залуустай ширээний ард суугаад хүчээ үзсэн Пунцагаа хэд хэдийг нь дарахад нөгөөх америкчууд мэл гайхаж, цэл хөхөрчээ. Харин “Парик” Жагаа ертөнцийн хамгийн хүчтэй хүнтэй хамт яваа юм шиг ихэд моодойн, мөрийний 10 долларуудыг халаасалсан гэдэг. Монголд бас иймэрхүү барилдаан болж, телевизээр нэвтрүүлэхэд Пунцагаа ахтайгаа аваргын төлөө өрсөлдөж ялж байсныг санаж буй хүн олсон биз ээ.
Тэвчээргүй зан
“Зургаан залуу заан” гэж үнэхээр үлгэр домог шиг сайхан үе байлаа даа. Тэр үед эдний хэн нь түрүүлж аварга, арслан болох тухай ам уралдан ярилцахад Цэрэнпунцагийн нэр цохиж л явна. Тэр заануудынхаа хамгийн бие жижигтэй нь ч магнай нь байсан. Тээр жил 79 жилийн ой билүү дээ. Өнөөх зургаан заан улсын наадмын дунд шөвгийн наймд Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ хоёрын хамтаар үлдэж хоцорлоо. Бат-Эрдэнэ аварга байнга “таалаад” сурчихсан Мөнх-Эрдэнээ авч харин Цэрэнпунцаг дараагаар нь Гантогтохыг амласан. За, ам зав буруу байсан тухай зөндөө л ярьдаг. Гэхдээ л энэ давааг Пунцагаа давчихсан бол учир их байлаа. Гэвч Цэрэнтогтох аваргын нэгэнтээ хэлж байсанчлан “Цэрэнпунцаг их тэвчээр муутай барилдах юм. Уг нь илүү хүлээж барилддаг бол ч…” гэх бодол энэ барилдаан аргагүй төрүүлсэн. Ер нь Пунцагаа гарьд их түргэн барилдах дуртай нэгэн. Түргэн гэхдээ ёстой гал гарам мэх хийж, өрсөлдөгчдөө халиртал нь хаядаг нэгэн. А.Сүхбат аваргыг наадмаар нүүрийг нь улаан халз болтол хавирч билээ.
Хувь заяаны эргүүлэг
Сайхан бөхийн хувь заяанд элдэв асуудал олон тулгарсан. Америкт явж суралцана гээд ид сайхан барилдах жилээ алдсан бол хожим ах нь хэрэгт ороод нэг хэсэгтээ л барилдахтай манатай болсон. Цэдэндамба гуай энгийн нэгэн жолооч байлаа. Хөдөө гадаа явж байхдаа хүнд тэрэгнийхээ дугуйг тэвшин дээрээ гаргаад шидчихдэг л байсан гэдэг. Гэвч биеэр шавилхан. Харин ээж нь нэлээн биерхүү юм билээ. Тэднийх Завханы нэлээн номтой айлын нэгэн гэдэг. Тэрсхэн өссөн Пунцагаа Бэгзээ хоёр үеийнхнээ ч ихээхэн айлгадаг байж. Пунцагаа багадаа хэтэрхий гэмээр тарган хүүхэд байлаа. Тиймээс “Тарган хулгана” хэмээн гэрийнхэн нь нэрлэдэг байж. Тарган хулгана тун их шартай. Ахтайгаа үргэлж ноцолдоно. Дийлэхгүй ч гэсэн зүтгээд л байна. Энэ зан нь түүнийг бөхийн эрдэмд нэвтэрч, олны хайр татсан бөх болоход нөлөөлсөн биз ээ.
Эр хүний ам
Баруунтурууны Ганбат гэж улаан хацартай залуу Увсаас дөнгөж орж ирсэн даруйдаа өнөөх босоо аваргыг хүртэл өвдөг шороодуулаад амжлаа. Уг нь Ганбатын аав Завханы хүн аж. Тэгээд Ганбат Завханы наадамд очиж зодогложээ. Энэ үед Завханы наадамд түрүүлэх хүн гэвэл Цэрэнпунцаг л байж. Гэвч Ганбат Пунцагийг нутагт нь хаячихсан гэдэг. Мөн наадмаас өмнө хоёр ч удаа өвдөг шороодуулжээ. Тэгээд наадмын өглөө Ганбат ах заан Цэрэнпунцагтай мэндлэлгүй өнгөрсөн юм биз дээ. Гэхдээ энэ бол яг үнэн батлагдаагүй цуу төдий зүйл гэдгийг уншигч та анхаараарай. Орйд хоёр унасан, тэгээд эрэмбээ мэдэхгүй том зантай хүүд Пунцагаа заан юм ойлгуулахаар шийдэж. Гэхдээ тэр үг хаяж элдэв юм болсонгүй. Зүгээр л монгол бөхийн эрэмбэ цолны эрхээ эдэлж, анхны ам авах даваанд өнөөх аранга гэгдэж байсан Ганбатыг амлалаа. Цэнгэлдэхэд цугласан олон гайхширч, зурагт харж, радио сонсож суусан түмэн буруу харж, зөрүү сонсож гэж бодлоо. Гэвч үнэхээр тийм юм болжээ. Цэрэнпунцаг заан Увс аймгийн Баруунтурууны уугуул аймгийн арслан Батжаргалын Ганбатыг авч. Ганбат доошоо газар шагайн зааны араас алхална. Заан элэг бүсээ чангалан алхангаа эргээд өрлөө. Заан сэжээд тэр чигээрээ ард нь гарах маягтай болоод давчихлаа. Заан цолонд хүрнэ, түрүүлж ч магад гэгдэж, ид ирэн дээрээ явсан залууд бөхийн сургамж гэж юу байдгийг омголон Пунцаг заан ийнхүү ойлгуулжээ. Энэ ам монгол бөхийн түүхэнд хэзээ ч мартагдахааргүй явдал болсон доо. Энэ амнаас нь гарьдыг мөн ч олон хүн дэмжих болсон билээ.
Эх сурвалж: http://otgontenger.mn/
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Да уж. По поводу коментариев - навеяла на меня где-то услышанная фраза:
Это НАШИ матрешки символизируют фразу "а можно всех посмотреть?"
Post a Comment