Ган-Эрдэнэ бид хоёр энэ хавар нэг ийм судалгаа хийж сургуулийнхаа ЭШБХ-д оролцсон юм. Нэг их мундаг судалгаа болоогүй ч гэсэн, энийг хийхэд нилээд цаг зарцуулж бас эконометрикийн хэрэглээний тал дээр чамгүй зүйлс мэдэж авсан шүү. Энэ судалгааг хийхэд Ц.Батсүх багшийн "Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого" судалгааны ажил нь их хэрэг болсон.
Хураангуй
Нээлттэй эдийн засагтай, валютын ханшийн уян тогтолцоотой улс орны үндэсний валютын бодит ханш үндэсний валютын эрэлт, нийлүүлэлтээс хамааран тогтдог. Харин манай үндэсний валют болох төгрөг нь гадаад зах зээл дээр арилжигддаггүй, өөрөөр хэлбэл зөвхөн дотоодын зах зээл дээр л гүйлгээний хэрэгсэл болдог. Тиймээс манай орны хувьд валютын ханш ам.доллар, юан зэрэг дэлхийн зах зээл дээр арилжигддаг, манай дотоодын зах зээл дээр ч идэвхитэй арилжигддаг валютуудын эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог.
Бид энэхүү судалгааны ажилдаа ам.долларын эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлогч хүчин зүйлс болох цэвэр экспорт, цэвэр хөрөнгө оруулалт, цэвэр зээл, цэвэр шилжүүлгийг төгрөгийн ам.доллартай харьцах ханштай холбон 1997 оны 1 сараас 2009 оны 2-р сарын хоорондох өгөгдлийн хувьд шинжиллээ.
Манай улсын үндэсний валют болох төгрөгийн ханш сүүлийн хэдэн саруудад гадаад валютын эсрэг маш хүчтэй хэлбэлзэж, ерөнхийдөө суларсаар байна. Манай улс нь үйлдвэрлэлээ тийм ч сайн хөгжүүлж чадаагүйтэй холбоотойгоор импортын бараанаас ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс, гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас болж импортын барааны үнэ өсөх, мөн өргөн хэрэглээний барааны үнэ өсөх зэрэг үзэгдлүүд эдийн засагт хүчтэй ажиглагдаж байна.
Ам.долларын төгрөгтэй харьцах ханш албан ёсны статистик мэдээгээр 2008 оны 11-р сард 1170.6 байсан бол мөн оныхоо 12-р сард 1267.5 болж өссөн ба 2009 оны 2-р сарын байдлаар 1470.2 болж огцом өссөн байна. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд, ялангуяа долларын зээлтэй зээлдэгчдийн хувьд маш хүндээр нөлөөлж байна.
Үйл явц энэ байдлаар үргэлжилсээр байвал нөхцөл байдал улам хүндрэх төдийгүй хямралтай байгаа манайх шиг жижиг эдийн засгийн хувьд энэ нь улам хүндээр тусах болно. Гадаад валютын ханшийн чангаралт нь импортын барааны үнийн өсөлтийг дагуулж байдаг учир энэ нь ерөнхий инфляцийн түвшинд нөлөөлж болох талтай. Ингэснээр хүмүүсийн худалдан авах чадвар муудаж, нийт эрэлтийг багасгаж, бараа үйлчилгээний борлуулалт, үйлдвэрлэгчийн ашиг буурах сөрөг нөлөөтэй.
Дүн шинжилгээнээс харахад ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн мөчлөг нь цэвэр экспортын мөчлөгтэй яг урвуугаар таарч байна. Цэвэр экспорт нь нийт үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлдөг эдийн засгийн томоохон үзүүлэлтүүдийн нэг юм. Сүүлийн үед ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн мөчлөгийн өсөлт болон цэвэр экспортын мөчлөгийн бууралтын үе ажиглагдаж байна. Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн сүүлийн үеийн чангаралтууд нь ам.долларын эрэлт өссөнтэй холбоотой байгаа нь судалгаанаас харагдаж байна.
ОРШИЛ
Валютын ханш гэж тухайн улсын валютыг өөр нэгэн улсын валютаар илэрхийлсэн дүнг хэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь бусад улс орнуудын валютын үнэ цэнийг өөрийн орны валютын үнэ цэнэд харьцуулж байгаа хэрэг юм.
Манай улсын хувьд сүүлийн жилд инфляцийн түвшин хэт өндөр байж зарим өргөн хэрэглээнй болон хүнсний барааны үнэ нэг дахин, түүнээс ч илүү нэмэгдсэн билээ. Гэтэл 2008 оны 10 сараас эхлэн төгрөгийн ам.доллартай харцах ханш эрчимтэй суларч эхэлсэн. Гадаад валютын ханш чангарах нь манай эдийн засагт тун хүнд байдал авчирч байна. Валютаар худалдаж авах бараа болгоноосоо тодорхой хувийн үнийн дүнгийн алдагдал хүлээж, энэ нь эргээд эдийн засгийг зогсонги байдалд оруулах аюул нүүрлэж байна.
Бид энэ ажлын хүрээнд гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийг бий болгож буй хүчин зүйлсийн хүрээнд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг шинжилж, эрчимтэй суларч буй үзэгдлийг хэрхэн тогтворжуулах, төгрөгт итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлэх талаарх саналыг дэвшүүлэхийг зорилоо.
Гадаад валютын эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлогч хүчин зүйлс:
1. Цэвэр экспорт (экспорт - импорт)
2. Гадаадад олгосон цэвэр зээл (гадаадад олгосон зээл – гадаадаас олгосон зээл)
3. Гадаад цэвэр шилжүүлэг (дотоодын эдийн засгийн харьяатуудын гадагш шилжүүлсэн мөнгө – гадаадаас ирсэн хувийн шилжүүлэг)
4. Цэвэр хөрөнгө оруулалт (гадаадад хийсэн шууд хөрөнгө оруулалт – гадаадын шууд хөрөнгө оруулалт)
ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ДҮГНЭЛТ
1) Ам.доллларын төгрөгтэй харьцах ханшийн чиг хандлагыг харахад 2000 оныг хүртэл харьцангуй өндөр байсан ба түүнээс хойш 2008 оны 11 сар хүртэл тогтвортой байснаа 2008 оны 12 сараас огцом хэлбэлзэл гарч эхэлсэн байна. Энэ нь цэвэр экспортын мөчлөгийн үетэй урвуугаар тохирч байна. Ам.долларын чиг хандлага нь цэвэр экспортын мөчлөгийн тогтсон үзэл баримтлалтай нийцэж байгаагаас ам.долларын ханшийн хэлбэлзэлийн нэг шалтгаан нь цэвэр экспортын мөчлөгийн нөлөөлөл болж байна.
2) Ам.долларын ханшийн сарын индексийг тооцож үзвэл, 4, 5-р саруудад сулардаг ба энэ нь хаврын сарын эхээр уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүний нийлүүлэлттэй холбоотойгоор гадаад валют их хэмжээгээр нийлүүлдэгтэй холбоотой юм. Мөн 2, 7 болон 12-р саруудад бага зэрэг буурах төлөв ажиглагдаж байгаа ч энэ нь тийм ч их биш байна. бусад саруудад нь долларын ханш чангардаг болох нь харагдаж байна. Долларын ханш чангардаг саруудыг авч үзвэл, харьцангуй бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн идэвхижилтэй үеүүд ба эдгээр саруудад бараа, түүхий эд, шатаж тослох материал, техник тоног төхөөрөмжийн импорт ихэсдэгтэй холбоотойгоор ам.долларын эрэлт үүсдэг ба ингэснээр ханш чангардаг байна.
3) Тархалтын хуулийн тусламжтай өдрийн хэлбэлзлийн заагийг түүхэн үүсгүүрийн аргаар тогтооход (-11,0178; 15,176) интервалд байх нь 95 хувийн магадлалтай байна. Өөрөөр хэлбэл, 4-р сарын 24-ний ханш 1419,69 байсан бол дараа өдөр нь уналаа гэхэд 1408,67 болж, харин өслөө гэхэд 1434,86 болно гэсэн үг.
4) Ам.долларын ханшийн прогнозийн эконометрик загварын үр дүнгээс харахад хагас параболлог чиг хандлагатай болох нь Ходрик-Прескотийн шинжүүрээр тодорхойлогдож байгаа ба сарын нөлөөлөлтэй, 3 сарын өмнөх түвшинй утга болон санамсаргүй хүчин зүйлсийн инерцийн нөлөөллийг агуулдаг нь батлагдав. Прогнозийн үр дүнгээс харахад 2009 оны жилийн эцсээр ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн түвшин 1322.32 орчим, хамгийн ихдээ 1586.41 орчим байхаар тооцоо гарч байна.
5) Цэвэр экспортын шинжилгээнээс харахад цэвэр экспортын мөчлөгийн уналтын үед долларын ханшийн өсөлтийн үе харгалзаж байгаа нь цэвэр экспорт эерэг гарсан буюу валютын нийлүүлэлт нэмэгдэх үед долларын ханш буурдаг, харин эсрэгээрээ цэвэр экспорт буурах буюу валютын нийлүүлэлт буурах үед долларын ханш чангардаг болох нь харагдаж байна.
6) Цэвэр экспортод богино хугацаанд гэнэтийн өөрчлөлтүүд нилээд их байгаа нь Зураг 5-ийн Гэнэтийн өөрчлөлт зургаас харагдаж байна. Ялангуяа 2007 оны эхнээс гэнэтийн өөрчлөлт маш хүчтэй мэдрэгдэж байна. Энэ нь экспорт, импортын огцом хэлбэлзэлүүдтэй холбоотой.
7) Зураг 10-ыг харахад хугацааны эхнээс 2003 оныг хүртэл ам.долларын ханшны мөчлөг, цэвэр хөрөнгө оруулалтын мөчлөг нэг нэгнийхээ дагах хандлагатай байсан ба 2003 оноос 2007 оны эхэн үеийг хүртэл цэвэр хөрөнгө оруулалт буурах буюу валютын эрэлт өсөхөд ам.долларын ханш чангарч, харин цэвэр хөрөнгө оруулалт өсөх буюу валютын нийлүүлэлт өсөх үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш буурч байсан нь харагдаж байна.
8) 2000 онд судалгаанд хамрагдсан жилүүдээс илүүтэй зээл авсан байна. Энэ нь мөн онд болсон их зуд, дэлхийн зах зээл дээрх алт, зэсний үнийн бууралт зэрэгтэй холбоотойгоор бий болсон нөхцөл байдлын хувьд төсвийн алдагдал их хэмжээтэй гарсан. Энэхүү алдагдлыг нөхөхийн тулд гадаад зах зээлээс зээл авч алдагдлыг санхүүжүүлсэн. 2000 оноос бусад жилүүдэд ер нь тогтмол хэмжээний зээл Монгол улс авч байгаа нь харагдаж байна.
Мөн графикаас харахад жилийн сүүлээр буюу 11, 12 саруудад зээлийн хэмжээ эрс нэмэгдэж байгаа нь жилийн төгсгөлд төсөв баталж, төсвийн алдагдлыг зээлээр санхүүжүүлдэгтэй холбоотой байж болох талтай.
9) 2000 оныг хүртэл гадаад цэвэр шилжүүлгийн мөчлөг хамгийн их хэлбэлзэлтэй байсан ба харин ам.долларын ханшийн мөчлөгийн далайц харьцангуй бага байна. Харин 2000 оноос 2005 он хүртэл гадаад цэвэр шилжүүлгийн мөчлөгийн өсөлтөд/бууралтад ам.долларын ханшийн бууралт/өсөлт харгалзаж байгаа нь гадаад цэвэр шилжүүлэг нь ам.долларын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлж байгаа нөлөө нь онолын таамаглалуудтай таарч байна. 2005 оноос хойш мөчлөгүүд давхцаж байгаа нь ам.долларын ханшид хөндлөнгөөс Төв банк болон бусад хүчин зүйлүүдийн нөлөө илүүтэй байсан байж болох талтай.
10) Корреляцийн шинжилгээнээс харахад ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чиг хандлагад урт хугацааны зээл, гадаад шилжүүлгийн чиг хандлагууд хүчтэй хамааралтай байгаа бол цэвэр экспорт болон цэвэр хөрөнгө оруулалт хоёр нягт хамааралтай байна.
11) Сарын индексийн хувьд тийм ч хүчтэй хамаарал байхгүй ба цэвэр экспорттой л мэдэгдэхүйц хамааралтай байна. Цэвэр хөрөнгө оруулалт болон гадаад цэвэр шилжүүлэг хоёроос сул, урвуу хамаарч байна.
12) Мөчлөг нөлөөллийн хувьд цэвэр экспорт мэдэгдэхүйц урвуу хамааралтай байгаа бол урт хугацааны зээл мэдэгдэхүйц үлдсэн хоёр үзүүлэлт нь сул хамааралтай байна. Урт хугацааны зээлийн хувьд эерэг мэдэгдэхүйц хамааралтай байгаа нь долларын ханш чангарсан үед ч юм уу валютын нөөцийн нэмэгдүүлэх зорилгоор урт хугацааны зээл авдагтай холбоотой байж болох талтай.
13) Гэнэтийн өөрчлөлтийн нөлөөллийн хувьд гадаад цэвэр шилжүүлэг, цэвэр экспорт хоёр бусдаасаа илүүгээр урвуугаар нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийн гэнэтийн өөрчлөлтөд цэвэр экспорт болон гадаад цэвэр шилжүүлэгт гарсан гэнэтийн өөрчлөлтүүд илүү нөлөөлдөг байна. Гадаад цэвэр шилжүүлгийн урвуугаар нөлөөлж байгаа нь засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой байж болох талтай.
14) Учир шалтгааны шинжилгээнээс харахад цэвэр экспорт, цэвэр экспортын өсөлт болон цэвэр хөрөнгө оруулалт гэсэн үзүүлэлтүүд нь ам.долларын ханштай харилцан бие биенийхээ учир шалтгаан, үр дагавар болж байна. Гадаад цэвэр шилжүүлэг нь ам.долларын учир шалтгаан болж байхад, харин ам.долларын ханш нь цэвэр хөрөнгө оруулалтын учир шалтгаан болж байна. Урт хугацааны зээл, урт хугацааны зээлийн өсөлт, гадаад цэвэр шилжүүлгийн өсөлт гэсэн үзүүлэлтүүд нь ам.долларын ханштай аль нь ч бие биенийхээ учир шалтгаан, үр дагаврын болж чадахгүй байна.
15) Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг хугацааны нэг хожимдолтой долларын ханш цэвэр экспорт, NX1 буюу цэвэр экспортын өсөлт, цэвэр хөрөнгө оруулалт, цэвэр хөрөнгө оруулалтын хугацааны нэг хожимдолтой утга, цэвэр шилжүүлэг болон цэвэр шилжүүлгийн хугацааны нэг хожимдолтой утгууд ойролцоогоор 98 хувьтай тайлбарлаж байна. “Хугацааны нэг хожимдолтой доллар” хувьсагчийн коэффицент 1,02671 байгаа нь бусад хүчин зүйл тогтмол үед өмнөх үед 1 доллар 1000₮-тэй харьцаж байх үеийн 1 доллар дараа үедээ 1000*1,02671 буюу 1026,71 төгрөгтэй тэнцэхийг харж болох байна. Цэвэр хөрөнгө оруулалт болон гадаад цэвэр шилжүүлэг гэсэн үзүүлэлтүүд нь нэг сая ам.доллараар өсөхөд/буурахад тухайн сарынхаа ам.долларын ханшийн түвшинг -0.43579 болон -1.149261 төгрөгөөр бууруулдаг/өсгөдөг байна. Харин цэвэр экспортын нэг сая ам.доллараар өсөхөд/буурахад ам.долларын ханшийн түвшинг -0,063482 төгрөгөөр бууруулдаг/өсгөдөг байна.
Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тогтворжуулах бодлогын хувилбар, зөвлөмж
Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чиг хандлага нь бидний сонгож авсан үзүүлэлтүүдээр тодорхойлогдож байгаа ч эдгээр хувьсагчуудийн чиг хандлага нь хүү мөнгөний нийлүүлэлт зэрэг макро эдийн засгийн бодлогын хувьсагчидийн чиг хандлагаас өндөр хамааралтай байдгийг урьд өмнө судлаачид дүгнэсэн байдаг. Манай улсын макро эдийн засгийн мөчлөг нь эдийн засгийн салбаруудын онцлог, дэлхийн зах зээл болон байгалиас хараат байдлаар тодорхойлогддог.
Мөн богино хугацааны хэлбэлзэл болох сар, улирлын өөрлөлтүүд нь манай орны эдийн засгийн салбарын бүтэцтэй хамааралтай юм. Мөчлөг нөлөөлөл нь гадаад худалдааны тэнцлээр илүүтэй тодорхойлогдож байгаа учир дунд болон урт хугацаанд цэвэр экспортоор дамжуулан ам.долларын ханшид нөлөөлөх нь зохистой.
Гэнэтийн өөрчлөлтийн нөлөөллүүд нь гадаад цэвэр шилжүүлэг болон цэвэр хөрөнгө оруулалтаас хамааралтай байгаа учир богино хугацаанд эдгээрээр дамжуулан ам.долларын ханшид нөлөөлөх нь зүйтэй.
Энэ бүгдээс дүгнэхэд дэлхийн зах зээл дээр хамгийн өргөн хэрэглэгддэг валют болох ам.доллартай харьцах төгрөгийн ханшийг тогтворжуулах, ам.долларын эсрэг төгрөгийн үзүүлэх нөлөөг чангаруулах бодлого нь урт хугацааг хамарсан эдийн засгийн цогц бодлого байх шаардлагатай байна. Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн тогтворжуулахын тулд эдийн засгийн салбарын бүтэцийг өөрчилж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг дэмжсэн бодлого явуулж валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээл болон гадаад улс орнуудаас хараат байдлаа бууруулах, дотоодын зах зээлд төгрөгийн үнэ цэнийг дээшлүүлэх шаардлагатай байна.
Судалгааны үр дүнд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг тогтворжуулах, төгрөгийн бодит ханшийг чангаруулахтай холбоотой богино, дунд хугацаанд хоорондоо нягт уялдаатай бодлогын хувилбар гаргах хэрэгтэй гэж үзэж байна.
1 comment:
ene sudalgaaniiha buren ehii ni tavij bolohuu toon uzuulelt, grafictaigaa, tedgeeriig oloh ih chuhal bna.haigaad oldogguie ee
Post a Comment